Ачаалж байна…
Ачаалж байна…
Мөнхзул Батбаяр

Баянхонгор, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутагт "Цэрэг таван хөшөө" гэх эртний түүх, соёлын дурсгалт газар бий.
"Цэрэг таван хөшөө" нь Хүрэл зэвсгийн үе буюу 3000-4000 жилийн өмнөх он цагт хамаарагдах бөгөөд эртний хүмүүс нас барагсдынхаа дурсгалд зориулан босгож байсан оршуулга, тахилгын зориулалттай чулуун хөшөө дурсгал юм. Мөн үеийн хөшөөнүүд ихэвчлэн ганц, хоёроороо тааралддаг бол энд бөөнөөрөө буюу таваараа байрладгаараа онцлогтой.
Анх 2012 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаач Ч.Амартүвшин тэргүүтэй судалгааны баг судлан баримтжуулж, улмаар 2017 онд улсын соёлын өвийн бүртгэлд албан ёсоор бүртгэж авсан байдаг.
"Цэрэг таван хөшөө"-г орон нутгийн иргэдийн дунд хожуу үед буюу Галдан бошигтын цэргүүд Манжийн цэрэгт ялагдан ухарч явахдаа босгосон гэх ам дамжсан домог яриа мөн бий.
Баянцагаан сум нь Монгол-Алтайн нурууны төгсгөл Гичгэний нуруу, Говь-Алтайн уулсын эхлэл Баянцагаан уулын уулзварт оршдог. Байгалийн ашигт малтмал, эрдэс түүхий эдийн арвин баялагтай, ховор амьтан, ургамлаар баян говь-хээрийн өвөрмөц зангилаа сум юм. Сумын төв нь Улаанбаатар хотоос 960 км, аймгийн төвөөс 247 км-т оршдог.
Тус сум нь Монгол-Алтайн нурууны төгсгөл болох Гичгэний нуруу, Говь-Алтайн нурууны эхлэл Баянцагаан уул болон тэдгээрийн салбар уулс, уудам хөндий хоолой хосолсон нутаг дэвсгэртэй. Баянцагаан уулан дахь Явуутын рашааныг ходоод, элэг, цөсний өвчинд олон жил ууж хэрэглэж ирсэн байдаг. Явуутын рашааныг түшиглэн Бэлийн нарангийн суварга, Баянцагаан уулан дахь Хатан ноёны бунхан, Хүнгэнэхийн амны том хэрэгсүүр, Адгийн хөшөөгийн цэрэг хөшөө, Алаг бунхан, Бага амны сүмийн туурь зэрэг түүхийн дурсгалт газар, Цагаан бургас, Дөрөө шуудаг, Шар мухрын хүрхрээ зэрэг байгалийн үзэсгэлэнт газарт амралт, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бүрэн боломжтой гэж үздэг.