Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency
info@montsame.gov.mn

Булган. 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулсан долоон аж ахуйн нэгж энэ онд нийт 43.48 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийжээ.
Аймгийн Засаг даргын 2026 оны А/382 дугаар захирамжаар байгуулсан ажлын баг тус аж ахуйн нэгжүүдийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, нөхөн сэргээлтийн ажлыг шалгаж, хүлээн авсан байна.
Тодруулбал, төлөвлөгөөнд 16 га талбайд техникийн, 13 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийхээр тусгасан бол аж ахуйн нэгжүүд төлөвлөснөөс давуулан, 24.33 га талбайд техникийн, 19.15 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийжээ. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 63.5 мянган мод, бут тарьсан байна.
Харин техникийн нөхөн сэргээлтийг холбогдох стандартын дагуу хийгээгүй зарим талбайг ажлын хэсэг хүлээн авахаас татгалзжээ. Мөн биологийн нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг тарьснаас хойших гурав дахь жилд нь холбогдох стандартын дагуу эцэслэн үнэлж, хүлээн авахаар шийдвэрлэсэн байна.
Цаашид тарьсан мод, бутыг хашаалж хамгаалах, арчилгааг сайжруулах шаардлагатайг ажлын хэсгээс зөвлөжээ. Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүдийн мэргэжилтнүүдэд сургалт, зөвлөгөө өгөхөөр болсон байна.