Ачаалж байна…
Ачаалж байна…
Буянаа Ламжав

ХЕЛЬСИНКИ, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /Kyodo/. Японы залуу уран гулгагч Мао Шимада Гран-при цувралын Финландын цомын тэмцээнд түрүүлснээр ирэх сард болох шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа. Тэрбээр ийнхүү цувралын хоёр тэмцээнд дараалан алтан медаль хүртэж байна.
Өдгөө 18 настай М.Шимада өмнө нь Канад улсад болсон “Скэйт Канада Интернэшнл” тэмцээнд мөн түрүүлсэн юм. Ингэснээр тэрбээр Гран-при цувралд анх удаа оролцсон улиралдаа эхний хоёр гараандаа дараалан аваргалсан Японы хоёр дахь уран гулгагч болжээ. Үүнээс өмнө Рика Кихира 2018 онд ийм амжилт үзүүлж байв.
Хельсинки хотод болсон тэмцээний богино үзүүлбэрийн дараа тэргүүлж байсан М.Шимада чөлөөт үзүүлбэрт 150.43 оноо авснаар нийлбэр дүнгээр 229.49 оноогоор алтан медаль хүртжээ. Эстонийн уран гулгагч Нина Петрокина 214.06 оноогоор хоёрдугаар байр эзэлж, Гран-пригийн шигшээд шалгарсан бол АНУ-ын уран гулгагч Изабо Левито 207.19 оноогоор гуравдугаар байрт орсон байна.
“Хэдийгээр энэ удаа өөрийнхөө хүссэн хэмжээнд үзүүлбэрээ гаргаж чадаагүй ч тэмцээний төгсгөлд гүйцэтгэлээ сайжруулж, үсрэлтүүдээ итгэлтэй хийж чадлаа. Энэ нь надад их урам өгсөн. Хамгийн гол нь финалд гулгах эрх авсандаа баяртай байна. Анх удаа оролцох финалын үзүүлбэртээ сэтгэл хангалуун үлдэнэ гэж найдаж байна” гэж М.Шимада ярьжээ.
Энэ улирлын шилдэг зургаан уран гулгагч оролцох Гран-при цувралын шигшээ 12 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Хятадын Чунчин хотод болно.