Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

МОСКВА, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /new-science.ru/. Хиймэл оюун ухаан нь молекулын нарийн төвөгтэй бүтцийг өндөр нарийвчлалтайгаар тодорхойлж сурсан хэдий ч боломжит шинэ эмүүдийн шинж чанарыг урьдчилан таамаглах тал дээр өнөөг хүртэл учир дутагдалтай хэвээр байна.
Үүнийг OpenAI-ийн саяхан явуулсан судалгаа харуулсан бөгөөд судалгааны явцад хэлний загваруудыг эмийн судалгааны 99 даалгавар дээр туршиж үзжээ. Туршилтуудын дүнд GPT-6 Astra загвар нь молекулуудыг сэргээн тодорхойлох даалгаврыг биелүүлэхдээ боломжит онооны 95.4 хувийг авсан хэдий ч ирээдүйтэй нэгдлүүдийг сонгох, тэдгээрийн шинж чанарыг урьдчилан таамаглах даалгавруудад нийт онооны ердөө тал орчмыг л авсан байна.
Хөгжүүлэгчид үнэлгээ хийх зорилгоор "MedChemBench" хэмээх сорилтын багцыг бүрдүүлсэн бөгөөд энэ нь 761 төрлийн молекулын бүтцийн талаарх мэдээллийг агуулсан 117 шинжлэх ухааны өгүүлэл ба патентуудад тулгуурлажээ. Загваруудад химийн томьёо, лабораторийн туршилтын дүн болон биологийн байны талаарх мэдээллийг өгсөн байна. Ингээд үр дүнг тайлбарлах, нэгдлүүдийг хооронд нь харьцуулах, мөн судлаачдын тавьж буй шаардлагад хамгийн сайн нийцэх бодисуудыг урьдчилан таамаглахыг даалгасан байна.
Шинэ эм боловсруулах үйл явцад тулгардаг гол бэрхшээлүүдийн нэг бол молекулын нэг шинж чанарыг сайжруулах нь өөр нэг шинж чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй явдал юм. Тухайлбал, ямар нэгэн бодис нь өвчин үүсгэгч уургийн үйл ажиллагааг үр дүнтэй дарангуйлж чадах хэдий ч эсийн мембранаар нэвтрэхэд хүндрэлтэй байх, эсвэл ферментүүдийн нөлөөгөөр хэт хурдан задарч магадгүй байдаг. Иймд ирээдүйтэй нэгдлийг сонгохдоо хэд хэдэн шинж чанарыг нь нэгэн зэрэг харгалзан үзэх шаардлагатай.
Даалгавруудын нэг бол PRMT5 уургийн үйл ажиллагааг саатуулдаг гурван бодист дүн шинжилгээ хийх явдал юм. Энэхүү уургийг хорт хавдрын эсрэг эмийн боломжит чухал бай гэдгээр нь судалж байгаа ажээ. Өмнөх туршилтуудын өгөгдлүүдийг өгч, эдгээр нэгдлийн эс доторх нөлөө, эсийн саадыг нэвтрэх чадвар, мөн элэгний ферментүүдэд задрахгүй тэсвэртэй байх чадварыг урьдчилан таамаглахыг хиймэл оюунд даалгасан байна.
Загварчлалд тусгагдаагүй, дараа нь хийгдсэн лабораторийн хэмжилтүүд нь эдгээр бодисын хооронд мэдэгдэхүйц ялгаа байгааг харууллаа. 23 дугаар нэгдэл нь PRMT5-ыг илүү бага концентрацтай үед дарангуйлж байсан бол 24 дүгээр нэгдлийн эсийн саадыг нэвтрэх чадвар нь илүү сайн байснаас гадна элэгний ферментүүдэд илүү удаан задарч байв. Эдгээр ялгаа нь цаашдын судалгаанд зориулж хамгийн тохиромжтой хувилбарыг сонгох ажлыг багагүй хүндрүүлж байна.
MedChemBench-ийн өөр нэгэн хэсэг нь химийн диаграммаас молекулын бүтцийг сэргээн тогтооход чиглэсэн байв. Нэгэн туршилтын явцад 18 атомаас бүрдэх цагиргийг хэвээр хадгалсан үед молекулыг зөв угсрах даалгаврыг өгчээ. GPT-6 Astra загвар нь нийт арван оролдлогоор даалгаврыг амжилттай гүйцэтгэжээ. Харин өмнөх үеийн загвар болох GPT-5.6 Sol нь 15 атомын цагираг үүсгэсэн бол GPT-5.6 Luna загвар нь молекулыг хоорондоо холбоогүй хэсгүүд болгон задалсан байна.
Мөн сэтгэн бодох гүнзгийрлийн түвшинг өөр өөрөөр тохируулан нийт 11 загварыг үнэлж үзжээ. Бүх даалгаврын нийлбэр дүнгээр GPT-6.2 Astra загвар нийт боломжит онооны 84.5 хувийг авч тэргүүлсэн бол GPT-6 Astra (83.3%), GPT-6.1 Sol (82%), GPT-5.6 Sol (58.2%) загварууд удаалжээ. Сэтгэн бодох үйл явцад зарцуулах тооцооллын нөөцийг нэмэгдүүлэх нь ерөнхийдөө гүйцэтгэлийг сайжруулж байсан боловч загваруудын хооронд мэдэгдэхүйц ялгаа байсаар байв.
Орчин үеийн загварууд нь молекулын бүтцийг шинжлэх, туршилтын өгөгдлийг тайлбарлахад хамгийн их үр дүнтэй байв. Харин бодисын шинж чанарын тоон утгыг урьдчилан тодорхойлох, цаашдын хөгжүүлэлтэд хамгийн тохиромжтой нэгдлүүдийг сонгоход хамаагүй илүү хүндрэл учирч байлаа.
Ингэснээр хиймэл оюун нь бие даан шинэ эм нээх чадвартай эсэх нь одоохондоо нотлогдсонгүй. Даалгаврууд нь өмнө нь хэвлэгдсэн судалгаануудад үндэслэсэн тул загварууд тухайн өгөгдлүүдийн зарим хэсэгтэй өмнө нь танилцсан байх магадлалтай. Түүнчлэн эдгээр систем нь ямар нэгэн нэмэлт хэрэгсэл, эргэх холбоо ашиглаагүй ба шинээр лабораторийн туршилт хийгээгүй нөхцөлд ажилласан юм.
MedChemBench сорилын багц нь эмнэлзүйн химийн салбарт хиймэл оюун ухааны хөгжлийн түвшнийг илүү нарийвчлалтай үнэлэх боломжийг олгоно.