Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /Kazinform/. Үй олноор устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, уг гэмт хэрэгт ногдуулах шийтгэлийн тухай Конвенцын хэрэгжилттэй холбоотойгоор Гамби улсын зүгээс Мьянмарын эсрэг үүсгэсэн хэргийн талаарх шийдвэрээ НҮБ-ын шүүхийн үндсэн байгууллага болох Олон улсын шүүх пүрэв гарагт гаргалаа.
Мьянмар улс рохинжа угсаатны бүлгийн эсрэг уг гэмт хэргийг үйлдсэн явдалд хариуцлага хүлээнэ гэж шүүх үзжээ. Энэ бол тодорхой нэг улс орны эсрэг гаргаж буй ийм төрлийн анхны шийдвэр юм. Энэ тухай НҮБ-ын хэвлэлийн алба мэдээлснийг Kazinform агентлаг дамжууллаа.
Шүүхийн шийдвэрийг гурван цагийн турш уншиж танилцуулсан байна. Олон улсын шүүхийн дарга Южи Ивасава мэдэгдэхдээ, Мьянмар улс геноцидыг таслан зогсоогоогүй ба буруутай этгээдүүдийг шийтгээгүй гэв. Мьянмарын зэвсэгт хүчин рохинжа угсаатны бүлгийн эсрэг, ялангуяа мусульман шашинтан рохинжачуудын эсрэг Ракхайн мужид “ноцтой хүчирхийлэл үйлдсэн” гэдгийг тэрбээр нарийвчлан тайлбарласан байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш шүүхийн шийдвэрийг сайшаан хүлээн авчээ. Тэрбээр хэлэхдээ “энэхүү шийдвэр нь рохинжачууд бол геноцидын хохирогчид гэдгийг хүлээн зөвшөөрсөн чухал баримт бичиг төдийгүй ийм аймшигт үйлдлүүдийн хариуцлагаас мултрах явдал цаашид гарах ёсгүй гэдгийг баталгаажуулсан хэрэг мөн” гэв.
Хядлагаас амьд үлдсэн хүмүүсийн мэдүүлгүүд болон олон улсын мөрдөгчдийн илтгэлүүдэд үндэслэн шүүх шийдвэрээ гаргасан байна. 2017 онд Ракхайн мужийн хойд нутагт явуулсан “цэвэрлэх ажиллагаа”-ны явцад тосгод, зам гүүрүүдийг галдан шатааж, бульдозероор түрэн нурааж, эрэгтэйчүүд ба эрэгтэй хүүхдүүдийг цаазалж, охид эмэгтэйчүүдийг хүчиндэж байжээ. Тухайн үед Ракхайн хойд нутгаас 700 мянга орчим рохинжачууд дүрвэж, Бангладешийн нутагт орж ирсэн байна. “Цэвэрлэх ажиллагаа”-ны явцад 10 мянга орчим хүн амиа алдсан тухай илтгэлд дурджээ.
Иймээс Гамби улс 2019 оны 11 дүгээр сард Олон улсын шүүхэд хандсан байна. Хүмүүсийг олноор нь хөнөөсөн, хүчиндсэн талаарх мэдүүлгийг Ракхайн муж дахь Мин-Жи, Чут-Пьин, Маунг-Ну гэсэн тосгонуудаас ирсэн гурван гэрч өгчээ.
Шүүхийн шийдвэр гарснаар, Конвенцод харшлах үйлдэл хийсэн байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж буй бүх этгээдийг нэн даруй мөрдөн шалгаж, шаардлагатай тохиолдолд тэднийг эрүүгийн хариуцлагад татах үүргийг Мьянмар улс хүлээж байна.
Тус улс шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш хоёр жилийн дотор нөхөн олговор олгох талаар авсан арга хэмжээ, түүнчлэн нөхөн төлбөрийн хэмжээний талаарх тайлангаа шүүхэд гаргаж өгөх ёстой.