Ачаалж байна…
Ачаалж байна…
Batkhuu Begz

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Би байгаль хамгаалал, аялал жуулчлалын салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд байгаль хамгаалах ажил ямар үнэ цэнтэй, байгалийн баялаг, биологийн олон янз байдлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх нь хэчнээн чухал болохыг ажлын туршлагаараа ойлгож ирсэн. Миний хариуцсан үндсэн ажил бол Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн аялал жуулчлалыг байгальд ээлтэй, хариуцлагатай хөгжүүлэх юм. Үүний тулд аяллын маршрут зохиох, отоглох цэгийн зохион байгуулалтыг сайжруулах, орчны бүсийн иргэдийн байгаль хамгаалалд оролцох оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалаар дамжуулан байгаль хамгаалахын ач холбогдлыг сурталчлан таниулах зэрэг ажлыг хийж ирсэн.
Увс нуурын ай сав нь байгалийн өвөрмөц тогтоц, экосистемийн олон янз байдлаараа онцлог бүс нутаг. Энд өндөр уулын мөсөн голоос эхлээд уулын хээр, говь цөл, цэнгэг уст гол мөрөн, давст нуур, намгархаг газар зэрэг байгалийн олон төрөл зүйл, тогтоц зэрэгцэн оршдог. Монгол Улсаас хамгийн анх 2003 онд Увс нуурын ай савыг ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад бүртгэсэн байдаг. Тэгэхээр Увс нуур бол зөвхөн Увс аймгийн төдийгүй Монгол Улсын, цаашлаад дэлхийн байгалийн үнэт өв.
Энэ бүс нутаг нь цоохор ирвэс, аргаль, янгир зэрэг ховор амьтдын амьдрах орчин төдийгүй, нүүдлийн шувуудын нүүдэл, үржлийн чухал нутаг. Тиймээс Увс нуурын ай савыг хамгаална гэдэг нь зөвхөн газар нутгийг хамгаалах бус, байгалийн хосгүй тогтоц, биологийн олон янз байдлыг хадгалж, дэлхийн байгалийн өвийг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх чухал үүрэг юм.
Миний хувьд байгаль хамгаалах ажил бол зүгээр нэг албан үүрэг биш, амьдралын минь салшгүй нэг хэсэг болсон. Байгальд ээлтэй аялал жуулчлал хөгжиж, нутгийн иргэд байгалиа хамгаалахын үнэ цэнийг ойлгож, хүүхэд залуус эх орныхоо байгалийн өвөөр бахархаж байгааг харах хамгийн сайхан байдаг. Өнөөдөр хийж буй ажил маань ирээдүйд томоохон өөрчлөлт авчирна гэдэгт би итгэдэг.
Байгалиа хамгаална гэдэг ирээдүйгээ хамгаалж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, байгалийн унаган төрх, баялгаа энэ чигээр нь хайрлан хамгаалж чадвал үр өгөөж нь хойч үед маань өвлөгдөн үлдэх болно.
Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны аялал жуулчлал, орчны бүс хариуцсан мэргэжилтэн Э.Жавзансүрэн