Ачаалж байна…
Ачаалж байна…
Davaasuren Adiyasuren

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан Дундговь аймагт “Тэгш хүртээмж – Нийгмийн оролцоо 2026” цогц үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулж байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв болон холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж буй тус үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал хүсэлт, дуу хоолойг бодлого, шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготой юм.
Цогц үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулсан чуулганд аймгийн 15 сумын 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, чуулганыг аймгийн Засаг даргын зөвлөх Б.Лхагвабаатар нээв.
Энэ үеэр сэргээн засах үйлчилгээ, хууль эрх зүй, сэтгэл зүй, эрүүл мэндийн чиглэлээр сургалт, мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсон, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гаргаж, спортын хоёр төрөлт тэмцээн зохион байгуулах юм.
Тус цогц үйл ажиллагааг орон нутгийн санхүүжилтээр хоёр жил тутам уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд чуулганаас гарсан санал, зөвлөмжийг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон салбар зөвлөлийн жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлдэг байна.
Энэхүү үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд тэгш оролцох боломжийг нэмэгдүүлэх, эрх ашгийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих, эрүүл мэнд, сэргээн засах болон бусад үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад ач холбогдолтой.