Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий
аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр аймгийн Засаг дарга
Д.Бауыржанд албан шаардлага хүргүүллээ.
Шаардлагыг бүлгийг төлөөлөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Жандос, Х.Мүпти, З.Жолаушыбай, Т.Худайберген, М.Мирас нар гардуулж өгсөн байна.
Сөрөг хүчин албан шаардлагадаа:
"1.Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж томилсон ЗДТГ-ын дарга, Боловсролын газрын дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Хөгжимт драмын театрын дарга, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга зэрэг төрийн захиргааны болон үйлчилгээний 12 удирдах тушаалтныг томилсон шийдвэрээ хүчингүй болгох;
2.Холбогдох хууль тогтоомжийг зөрчин батлагдсан бүтцээс илүү орон тоонд ажиллаж байгаа аймгийн Засаг даргын орлогч, зөвлөх, Боловсролын газрын даргын орлогч нарыг чөлөөлөх;
3.Толбо сумын Засаг дарга Н.Еркежаныг ажлаас чөлөөлсөн захирамжаа хүчингүй болгох, АН ялалт байгуулсан сумдын удирдлагуудад улс төрийн дарамт шахалт үзүүлэхгүй байх;
4.Дээр дурдсан удирдах ажилтны ажлын байрны орон тоонд хууль тогтоомжийн хүрээнд сонгон шалгаруулалт зарлах;
5.Аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцож, коронавирусний халдвараар өвчилсөн хүмүүст олгоогүй эм тарианы зардлыг нөхөж олгох, хууль бусаар зарцуулсан эм тарианы мөнгийг улсын төсөвт нөхөн төлүүлэх;
6.Аймгийн Онцгой комисст иргэн, аж ахуй нэгжүүдээс хандивласан хандив, тусламжийн зарцуулалтыг олон нийтэд тайлагнах;
7.Цар тахлын үед иргэд, бизнес эрхлэгчдэд төрийн зүгээс ирж буй дарамт, шахалтыг багасгах, эдийн засгийг сэргээх тодорхой бодлого боловсруулан танилцуулах"-ыг шаарджээ.
Хэрвээ албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Засаг даргыг огцруулах саналыг Төрийн албаны зөвлөл, аймгийн ИТХ-д гаргахаа илэрхийлсэн байна.