Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгууллаа.
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа хөрөнгө оруулагчдаас ил тод, нээлттэй хэлбэрээр саналыг авах, нүүрсний үнийг зах зээлийн зарчмаар тогтоох, төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох, нэмүү өртөг шингэсэн бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой бүх шат дамжлагыг нээлттэй, ил тод зохион байгуулах аж. Иймд эхний шатанд хөрөнгө оруулагчдын сонирхлыг тодорхойлох зорилгоор олон улсын нээлттэй санал авах хүсэлтийг энэ сарын 9-нд зарлахаар шийдвэрлэсэн байна.
Тус төсөл хэрэгжиж эхэлснээр байгалийн баялгаас ард иргэдийн хүртэх үр өгөөж нэмэгдэж, үндэсний баялгийн сан арвижин, нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай санхүүгийн нөөц бүрдэх юм. Бортээгийн ордод 2020 онд техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж, JORC стандартын дагуу нарийвчилсан хайгуул хийсэн, нарийвчилсан баталгаажуулах ТЭЗҮ энэ оны эхний улиралд дуусна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбайд стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний бүлэг орд болох Цанхи, Бортолгой, Ончхараат, Бортээг зэрэг хэсэг багтдаг.