Ачаалж байна…
Ачаалж байна…
Дэлгэрцэцэг Дээгий

Даланзадгад, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, зохион байгуулалтыг шинэ эрх зүйн орчинд нийцүүлэх сургалт зохион байгууллаа.
Монгол Улсын Их Хурлаас 2026 оны долоодугаар сарын 2-ны өдөр баталсан уг хуулийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх бөгөөд хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг үе шаттай зохион байгуулахыг Засгийн газраас холбогдох байгууллагуудад үүрэг болгосон юм.
Энэ хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын холбогдох хэлтсийн удирдлага, Төлөөллийн албаны дарга, мэргэжилтнүүд энэ сарын 19, 20-нд Өмнөговь аймагт ажиллаж, сургалт, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Сургалтад аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2026 оны А/180 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, нягтлан бодогч, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд зэрэг 80 орчим хүн хамрагдаж, хуулийн шинэ зохицуулалт, өмчлөлийн бодлого, компанийн засаглалыг сайжруулах, хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын талаар мэдээлэл авлаа.
Шинэ хуулийн гол онцлог нь төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглал, удирдлага, хяналт, гүйцэтгэлийн үнэлгээ, мэдээллийн ил тод байдлыг бие даасан эрх зүйн зохицуулалтаар нэгдсэн тогтолцоонд оруулсанд оршино. Өмнө нь эдгээр харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Компанийн тухай болон бусад холбогдох хуулиар зохицуулж байсан юм.
Тухайлбал, компанийн бизнес төлөвлөгөө, санхүүгийн үр дүн, удирдлагын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дотоод аудитын тогтолцоог бэхжүүлэх, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, мэдээллийг ил тод, үнэн зөв, хугацаанд нь тайлагнах шаардлагыг нарийвчлан тусгажээ. Мөн тайлан, мэдээлэлтэй холбоотой үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд тусгасан байна.
Ингэснээр өмчит компаниудын удирдлагын шийдвэр гаргалтыг мэргэжлийн, хариуцлагатай болгох, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, төсөв, хөрөнгө, нөөцийн ашиглалтыг сайжруулах, өмчийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчин бүрдэж байна.
Сургалтын хүрээнд орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн одоогийн бүтэц, зохион байгуулалт, удирдлага, хяналтын тогтолцоог шинэ хуулийн шаардлагад нийцүүлэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн юм.