Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Өлгий, 2026 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. “Нэгдсэн Монгол хөдөлгөөн” ТББ-ын Баян-Өлгий аймаг дахь салбар зуут шинэ гишүүдээ эгнээндээ нэгтгэж, цаашдын үйл ажиллагаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
Тус салбар зуут Баян-Өлгий аймагт долоо дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд салбар зуутын дарга, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед тэргүүтэй хамт олон орон нутгийн хөгжил, иргэдийн оролцоо, эв нэгдэл, эх оронч үзлийг дэмжин түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажиллаж байна.
“Нэгдсэн Монгол хөдөлгөөн”-ий тэргүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Баян-Өлгий аймгийн салбар зуутын гишүүдтэй хийсэн уулзалтын үеэр казах үндэстний төлөөлөл Монгол Улсын бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үе үеийнхээ хөдөлмөр зүтгэлээр бодит хувь нэмэр оруулж ирснийг онцолж, тэр дундаа Эрдэнэт үйлдвэрийг байгуулж, хөгжүүлэх их бүтээн байгуулалтад казах үндэстнүүд гар бие оролцож байсныг дурдан тэмдэглэлээ.
Монголын баруун хязгаар, олон ястны өлгий нутаг Баян-Өлгий аймаг үндэсний өв соёл, хэл, зан заншлаа хадгалан хөгжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнол, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн бахархам түүхтэй.
“Нэгдсэн Монгол хөдөлгөөн” нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар байгуулагдсан бөгөөд “Нэгдэж чадсан Монгол” уриан дор үйл ажиллагаа явуулдаг. Тус байгууллага нь аливаа нам, улс төрөөс хараат бус иргэний нийгмийн байгууллага бөгөөд “Монгол эх орон” хэмээх үнэт зүйлээрээ нэгдэн, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, сайн сайхан, эерэг, үлгэр дуурайл болсон санаачилга, үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх зорилготой юм.

