Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо, “Грийн шоу” продакшн, “Хийморь” төсөлтэй хамтран Монгол, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны бөхчүүдийн хоёр төрөлт халз барилдааныг анх удаа зохион байгуулах гэж байна.
“Грийн шоу” продакшны 10, “Хийморь” төслийн таван жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй энэхүү халз барилдаан нь үндэсний өв соёлыг монгол туургатан улсуудаар дамжуулан олон улсад сурталчлан таниулах зорилготой аж.
Халз барилдаанд манай улсаас Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат арслан Ц.Бямба-Отгон, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат заан Д.Хүдэрбулга, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, Булган аймгийн Орхон сумын харьяат начин Э.Сумьяабат, Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар зодоглоно.
Харин БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны харьяат Х.Үндэс (1024-т 2 удаа, 512-т 1 удаа түрүүлсэн), Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны харьяат С.Эрхэмсүлд (512-т 4 удаа түрүүлсэн), ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн Шинэ барга зүүн хошууны харьяат У.Төрцацрал (512-т 3 удаа түрүүлсэн), Шилийн гол аймгийн Шилийн хотын Уулын авганар хошууны харъяат Э.Мэргэнбилэг (512-т 1 удаа түрүүлсэн), Шилийн гол аймгийн Зүүн сөнөд хошууны харьяат Х.Давхарбаяр, Х.Бөхбаяр (512-т 1 удаа түрүүлсэн) нарын хүчтэнүүд зодоглохоор Монголд иржээ.
Барилдаан энэ сарын 10-нд Монгол бөхийн өргөөнд болно.
