Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчний хүндрэлээс сэргийлэх зорилгоор 11 дүгээр сарын 1-нээс 2027 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд зургаа хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт болон гэрээр асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид ажлын тав хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгох, эсхүл зайнаас цахимаар ажиллуулахыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажил олгогч нарт уриалав.
Засгийн газрын хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд Э.Батшугар томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, сургууль, цэцэрлэгт суурилсан хүүхдийн эрт илрүүлийн талаар мэдээлэл хийлээ. 2026 оны тархвар судлалын 39 дүгээр долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчний өвчлөл 10,000 хүн амд 46.5 тохиолдол бүртгэсэн нь сүүлийн гурван жилийн мөн үеийн үзүүлэлтээс өндөр байна. 78.3 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 60 орчим хувийг зургаа хүртэлх насныхан эзэлж байна.
Засгийн газраас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг 10 дугаар сарын 1-нээс улсын хэмжээнд зохион байгуулж байна. Эрт илрүүлэгт 3, 6, 11, 15 насны нийт 281,895 хүүхэд хамрагдах юм. Үзлэгийн өмнө эцэг, эх, асран хамгаалагчид мэдээлэл өгч, таниулсан зөвшөөрөл авч байгаа аж.