Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Булган, 2026 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Булган аймагт үржүүлж буй нутгийн монгол үүлдрийн адуунд үзлэг, сонголт хийж, стандартын шаардлага хангасан үржлийн адуунаас геномийн шинжилгээнд шаардлагатай биологийн дээж болон холбогдох мэдээллийг цуглуулжээ.
Уг ажлыг БНСУ-ын Хөдөө аж ахуйн хөгжлийн захиргаатай хамтран хэрэгжүүлж буй “Дэлхийн малын генетик нөөцийн олон янз байдал, шинж чанарыг судлах, хамгаалах болон зохистой ашиглах судалгаа” төслийн хүрээнд зохион байгуулж байна.
ХХААХҮЯ, Малын удмын сангийн үндэсний төвтэй хамтран Сайхан, Могод, Бүрэгхангай, Хутаг-Өндөр сумыг сонгон, нутгийн монгол адууны удмын сан, уламжлалт шинж чанараа сайн хадгалсан цөм сүргийн адуунаас дээж авчээ. Дээж цуглуулах ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд цуглуулсан дээжийг БНСУ-д геномийн нарийвчилсан шинжилгээнд хамруулах ажээ.
Геномийн шинжилгээгээр нутгийн монгол үүлдрийн адууны удам гарвал, генетикийн онцлог, үржлийн чанарыг нарийвчлан тодорхойлох юм. Мөн адууны ДНХ-ийн мэдээллийг судалснаар эрс тэс уур амьсгалд тэсвэртэй байх, холын зайд туулах чадвар зэрэг онцлог шинжтэй холбоотой генетикийн мэдээллийг тогтоох боломжтой.
Шинжилгээний мэдээлэлд үндэслэн нутгийн монгол адууны генетик нөөцийг бүртгэн баримтжуулах, үржлийн шаардлага хангасан адууг сонгон үржүүлэх, удмын санг хамгаалах, үржил селекцийн ажлыг сайжруулах боломж бүрдэнэ. Мөн цаашид үржлийн ажилд ашиглах шаардлагатай мэдээллийн сан бүрдэж, нутгийн Монгол адууны генетик нөөцийг хамгаалах, зохистой ашиглахад ач холбогдолтой юм.