Ачаалж байна…
Ачаалж байна…
Лхагва Н.

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй “Тефис Майнинг” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчныг хамгаалах, зэрлэг амьтдын амьдрах орчныг сайжруулахад чиглэсэн олон ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд 2026 оны гуравдугаар сард Ховд аймгийн Дарви, Цэцэг сумын нутагт зэрлэг амьтдад зориулсан биотехникийн үйл ажиллагаа зохион байгууллаа.
Тодруулбал, Дарви сумын Мөрөн багийн Музангийн хөндий, Цэцэг сумын Хажинга багийн Бэрийн улаан, Өндөр индэртийн овоо гэсэн гурван байршилд 50 боодол өвс тавьжээ.
Энэ нь зэрлэг амьтдын идэш тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, амьдрах орчин нөхцөлийг дэмжих замаар байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой юм.
Ташрамд, Ховд аймаг нь байгалийн олон янз байдал, ховор амьтдын өлгий нутаг бөгөөд усны нөөц, экосистемийн хамгаалалтаараа Монгол Улсын хэмжээнд онцгой байр суурь эзэлдэг.
Тус аймгийн нутаг дэвсгэрт улсын тусгай хамгаалалттай таван байгалийн цогцолборт газар оршдог бөгөөд эдгээр нь өндөр уулын мөсөн голоос эхлээд нуур, голын татам, говь цөлийн өвөрмөц экосистемийг цогцоор нь хамгаалдаг. Мөн Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтах гол, нууруудыг гурван сав газрын захиргаа хариуцан хамгаалж байна.
Ховд аймагт 420 гаруй зүйлийн сээр нуруутан амьтан бүртгэгдсэн бөгөөд цоохор ирвэс, аргаль, бөхөн зэрэг нэн ховордсон амьтдын гол амьдрах орчин болдог.