Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

СӨҮЛ, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /Kazinform/. Улсын хэмжээний CSAT элсэлтийн шалгалтын үеэр хуулах үйлдэл хийж буй зөрчлийн талаар мэдээлэл ирүүлбэл 500 сая хүртэл воны /370 888 ам.доллар/ урамшуулал олгоно гэж Өмнөд Солонгосын эрх баригчид зарлалаа. Энэ тухай Ёнхап мэдээлснийг Kazinform агентлаг дамжуулав.
Энэ арга хэмжээ нь хууран мэхлэх, ялангуяа хиймэл оюун ухаан ашиглан хуулах явдалтай тэмцэхэд чиглэжээ.
Авлигатай тэмцэх, иргэний эрхийг хамгаалах комиссын мэдээлэлд дурдсанаар, хуулах үйлдлийг илчилсэн мэдээлэл бүрд 100 сая воны урамшуулал олгох бөгөөд нэг хүнд олгох урамшууллын хэмжээ 500 сая воноос хэтрэхгүй.
Түүнчлэн хуулах зөрчил гаргаснаа өөрөө сайн дураараа илчилж, “хамсаатнуудынхаа” талаар мэдээлэл өгсөн хүмүүст ч мөн адил урамшуулал олгох аж. Үүний сацуу зөрчил гаргасных нь төлөө ногдуулах шийтгэлийг зөөлрүүлнэ.
“Энэхүү арга хэмжээ нь олон нийтийг хууран мэхлэх тохиолдлын талаар мэдээлэхийг уриалах замаар их дээд сургуульд элсэлтийн шалгалтын (CSAT) шударга байдлыг хангах зорилготой” гэж дээрх комиссын мэдэгдэлд дурджээ.
Зөрчлийн талаарх мэдээллийг хоёр сарын хугацаанд буюу ирэх оны нэгдүгээр сарын 19 хүртэл хүлээн авна. Хууран мэхэлж байгаад баригдсан хүмүүсийн шалгалт өгөх эрхийг 10 жилийн хугацаагаар хасна.
CSAT бол Өмнөд Солонгосын их дээд сургуулийн элсэлтийн шалгалт бөгөөд 9 цагийн турш үргэлжилдэг байна. Энэ оны шалгалт 11 дүгээр сарын 19-нд болж, түүнд хагас сая орчим сурагч оролцжээ. Шалгалт эхлэхийн өмнөхөн нэгэн оюутан ярихдаа “би нууц камер, хиймэл оюун ухаан ашигласны хүчинд өмнөх нягтлан бодох бүртгэлийн шалгалтандаа хамгийн дээд оноог авсан” гэжээ. Энэ талаар мэдээлэл авсан эрх баригчид хуулах зөрчлийг таслан зогсоохын тулд яаралтай арга хэмжээ авч, гар утас, нүдний шилийг шалгаж, Wi-Fi сүлжээг унтрааж, тэр ч байтугай хувцасны товчны нүхнүүдийг нааж битүүлжээ. Мөн шалгалт эхлэхээс 1-2 хоногийн өмнө дахин хязгаарлалт тогтоосон нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн байна.
Ингээд шалгалтын үеэр цахим төхөөрөмж ашигласан 111 зөрчлийг илрүүлсний дараа шалгалтын бэлтгэлийг хангаж чадаагүй гэдгээ 72 настай Боловсролын сайд Че Гё Жин хүлээн зөвшөөрөөд албан тушаалаасаа огцорчээ.