Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайдын дэргэдэх Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр болов.
Тус хуралдаанаар Ерөнхий сайд Н.Учрал Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг улам эрчимжүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамирт өгч, ажлын хэсгийг ахлуулахаар болов. Ажлын хэсэг сар бүр тогтмол хуралдаж, тулгарч буй асуудлаа урт, дунд, богино хугацаанд эрэмбэлэн, шуурхай шийдвэрлэж ажиллана.
Ерөнхий сайд Н.Учрал Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг хяналтдаа авч, бүтээн байгуулалтын талбайд энэ оны 8 дугаар сарын 10-нд ажиллаж, тулгарч буй асуудлыг шийдвэрлэхээр болсон. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах чиглэлээр хөгжлийн төлөвлөгөө Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд хүргүүлсэн. Ажилтны хотхон байгуулах, “Ширээт” дэд станцын өргөтгөлийг үйлдвэрийн Дулааны цахилгаан станцтай холбох, үйлдвэрт эхний хоёр жил гадаадаас инженерийн баг авчирч ажиллуулах чиглэлд энэ хоёр сарын хугацаанд ахиц гарч байгаа гээд, үйлдвэр ашиглалтад орсны дараах бүтээгдэхүүний түгээлт, тээвэрлэлт, логистикийн асуудлыг эртнээс шийдвэрлэх шаардлагатайг хэллээ.
Бензин шатахууны хомсдол үнийн өсөлтөд нөлөөлж байна. Хараат байдлыг бууруулахын тулд Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг хурдтай урагшлуулах нь чухал гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцлоод, хуулийн хүрээнд Үйлдвэрлэл, технологийн парк болгох асуудлыг 14 хоногийн дотор Засгийн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхийг үүрэг болгов.
Газрын тосны үйлдвэрийн түүхийн эдийн тогтвортой хангамжийг бүрдүүлэхээр 15 байршилд газрын тосны хайгуул эхлүүлсэн. Эдгээр байршлыг Дотоодын цэргийн хамгаалалтад авна. Мөн Газрын тосны үйлдвэрт ажиллах дотоодын нарийн мэргэжлийн инженер, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, суралцагчдыг Боловсролын зээлийн санд хамруулж, дэмжихийг Боловсрол болон Гэр бүл, хөдөлмөр, ниймгийн хамгааллын сайдад тус тус үүрэг болгов.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, санхүүжилт, эрх зүйн асуудлаас шалтгаалан ажил 20 гаруй хувийн гүйцэтгэлтэй гацаад байсан. Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг УИХ-аар батлуулж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн. Үйлдвэрийг түүхий эдээр хангах, газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх хүрээнд 2026 оны 7 дугаар сард Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулсан. Бүтээн байгуулалт эрчимжүүлэх хүрээнд зарим татвар, төлбөрөөс чөлөөлж, үйлдвэрлэл, технологийн паркийн статустай болгохоор шийдвэрлэсэн. Эдгээр шийдвэрийн үр дүнд үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц өнөөдөр 60 орчим хувьтай үргэлжилж байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын түлш шатахууны хэрэглээний 50-55 хувийг хангах юм. Үйлдвэрт шаардлагатай импортын техник, тоног төхөөрөмж, багц байгууламжууд үйлдвэрийн талбайд бууж, механик угсралтын ажил эрчимтэй үргэлжилж байна гэж ЗГХМОНХГ-аас мэдээлэв.