Манай улсад тагнуул хийсэн гадаад иргэнд 13 жилийн хорих ял оноов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-24 10:57:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад тагнуулын ажиллагаа явуулж байсан гадаадын иргэн, түүнтэй хамтран ажиллаж байсан Монгол Улсын иргэдэд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 22-нд хэлэлцэж, яллагдагч нарт 13 жилийн хорих ял ногдуулжээ.


Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийж байсан гадаадын иргэн болон түүнтэй хамтран ажиллаж байсан манай улсын иргэдийн үйлдлийг ТЕГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулж өнгөрсөн оны 10 дугаар сард илрүүлж, гэмт этгээдийг саатуулсан байдаг. Улмаар тэдгээр этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж, хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тус шүүх дээрх хэргийг энэ сарын 18-нд хэлэлцэж, гадаадын иргэн В-г тагнуул хийсэн, Монгол Улсын иргэн А, М нарыг гадаадын тагнуултай хууль бусаар хамтран ажилласан, төрийн нууц задруулж, улсын хөрөнгө завшсан гэх үндэслэлээр гэм буруутайд тооцжээ. Шүүгдэгч учруулсан хохирлоо нөхөн төлөх хүсэлт гаргаж, шүүх хурлыг хуулийн дагуу түр завсарлуулсан байна. 


Эл хэргийг тус шүүх энэ сарын 22-нд үргэлжлүүлэн хэлэлцэж, гадаадын иргэн В-д 13 жилийн хорих ял, Монгол Улсын иргэн А-д 13 жил 3 сарын хорих ял, Монгол Улсын иргэн М-д 13 жилийн хорих ялыг хаалттай ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 


Сүүлийн жилүүдэд гадаадын тусгай албадаас манай улсын иргэдийг хамтран ажиллахыг ятгах, хамтран ажиллахаар тохиролцох, улмаар хамтран ажиллаж төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлуулах буюу дамжуулж авах тохиолдол гарах боллоо. Ялангуяа тэд манай төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээдийг ашиглах эрмэлзэлтэй байдаг аж.


Эрүүгийн хуульд зааснаар, Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан хүн төрийн зохих байгууллагад сайн дураараа мэдэгдэж, болзошгүй хохирлоос сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн бол ялаас чөлөөлөхөөр зохицуулсан байдаг. Тиймээс гадаадын тагнуулын байгууллагаас хамтран ажиллах санал тавьсан тохиолдолд сайн дураараа мэдэгдэж байхыг Тагнуулын байгууллагаас мэдэгдлээ.

Холбоотой мэдээ