Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг Хөвсгөл, Хэнтий аймагт хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-12 09:59:48
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны 38 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлээр Хөвсгөл, Хэнтий аймгийн бүс нутагт түүхэн аялал жуулчлал, тухайн нутгийн онцлогт тохирсон "Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх" төсөл нээлтээ хийлээ. Уг төсөл 2019-2024 онд Хөвсгөл нуур болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газруудад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүртээмжтэй эдийн засгийн болон байгаль хамгааллын жишиг загварыг бий болгох зорилготой хоёр дэд төслийн хүрээнд хэрэгжих юм.  


Энэ сарын 10-нд Хэнтий аймгийн Дадал суманд болсон төслийн нээлтэд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын Дарга Л.Оюун-Эрдэнэ, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, АХБ-ны Зүүн Азийн газрын Байгаль орчны ахлах мэргэжилтэн Марк Р.Безайн нар оролцсон юм.


“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” Хэнтий дэд төслийн хүрээнд “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолбор, Дадал сумаас тус цогцолбор хүртэлх 2.6 км хатуу хучилттай авто зам болон 4.5 км хэлхээ цахилгаан дамжуулах шинэ шугам барих юм. Түүнчлэн хяналтын нэвтрэх цэгүүд, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч бүхий 50 автобус, 220 автомашины хүчин чадалтай 3 авто зогсоол барих зэрэг томоохон бүтээн байгуулалт болон тусгай хамгаалалттай газрын менежментийг сайжруулах ажлууд хийх аж. Төслийн үр дүнд орон нутгийн иргэдийн аялал жуулчлалаас хүртэх үр өгөөж нэмэгдэж, аялал жуулчлалын дэд бүтэц, хог хаягдлын менежмент сайжирч, тогтвортой аялал жуулчлал хөгжих боломж бүрдэнэ гэдгийг албаныхан онцоллоо.


Ташрамд дурдахад Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалын салбар нь эдийн засгийг төрөлжүүлэх, тэргүүлэх салбар мөн хэмээн тодорхойлсон. Энэ хүрээнд 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Үндэсний зан заншил, уламжлал, түүх, соёл, унаган байгаль, нүүдэлчин ахуйг түшиглэсэн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, нийслэл, аймаг, бүс нутгийн онцлогт тохирсон аялал жуулчлалын дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ” гэж заасан юм.


Холбоотой мэдээ