Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-11-29 22:49:11

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ХХҮГ-т “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв”-ийг байгууллаа. Тус төвөөс залуучууд хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл, зөвлөгөө авах, сургалт хийх, шинэ санаа авахуйц ном унших боломжтой юм.

Мөн бага насны хүүхдээ харж, гэртээ суудаг залуучуудын нөхцөл боломжийг давхар харгалзан “Хүүхэд саатуулах өрөө”-г байгуулжээ.

Төвийн үйл ажиллагааг нээж, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж үг хэлэхдээ “Манай аймаг 117 мянган хүн амтайгаас 40 орчим хувь нь залуучууд юм. Хэрхэн ажил орлоготой байх вэ, ямар бизнес яаж эхлэх вэ, санхүүгийн асуудлаа яаж зохицуулах вэ гээд олон асуулт залуусын өмнө байдаг. Тэгвэл эдгээр асуултад хариулт өгч, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой, зохистой байдлыг хангах үүднээс аймгийн ХХҮГ-т нэгэн төвийг байгуулаад байна” гэв.

Мөн аймгийн ХХҮГ-ын дарга С.Ундрах “Монгол Улсын хүн ам 2018 оны жилийн эцсийн байдлаар 3.2 саяд хүрсэн байдаг. Үүний 35 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг ба тэдгээрийн 46.7 хувь нь хөдөлмөрийн насныхан. Энэ тоо баримтаас харахад Монголын хөгжлийн ачааны 75 хувь нь залуучуудын нуруун дээр байгаа гэж хэлж болно. Тэгэхээр залуу хүн бүр хариуцлагатай, мэдлэгтэй, чадвартай байх нь энэ цаг үеийн зайлшгүй шаардлага юм. Тиймээс залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой, зохистой байдлыг хангах үүднээс энэ загвар төвийг байгуулсан" хэмээлээ.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой, зохистой байдлыг хангах зорилготой энэхүү загвар төвийг ХНХЯ-аас 11 аймаг, 3 дүүрэгт байгуулаад байна.

Холбоотой мэдээ