НАТО-гийн удирдагчид цэргийн төсвөө нэмэгдүүлэхээр тохиролцжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-12-05 08:08:19

ЛОНДОН. /TASS/. НАТО-гийн 70 жилийн ойд зориулан Их Британийн нийслэл Лондон хотод зохион байгуулсан Умард Атлантын тус гэрээний байгууллагын гишүүн 29 улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт лхагва гарагт дууслаа.


Лондоны дээд хэмжээний уулзалтын үеэр НАТО-гийн удирдагчид батлан хамгаалахын зардлыг 2024 он гэхэд төлөвлөсөн ёсоор 400 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Тус байгууллагын гишүүн орнууд аюулгүй байдалд нь учирч буй гол аюулуудын нэгээр ОХУ-ыг дахин нэрлээд, тус улсыг тогтоон барихад болон яриа хэлэлцээгээ сайжруулахад хүчин чармайлт гаргахыг уриалсан байна.


НАТО-гийн түүхэнд анх удаа Хятад улсын зүгээс учирч буй аюул заналыг дээд хэмжээний уулзалтын түвшинд хэлэлцлээ. Түүнчлэн сансрын орон зайг НАТО-гийн үйл ажиллагааны бүс гэж хүлээн зөвшөөрөх тухай Умард Атлантын зөвлөлийн шийдвэрийг Гадаад хэргийн сайд нарын түвшинд батлав.


НАТО-гийн удирдагчид бат бөх эв нэгдлээ зарлан мэдэгдсэн боловч байгууллага дотор өсөн нэмэгдэж буй хямралыг шууд бусаар хүлээн зөвшөөрч, НАТО-г шинэчлэх гарц шийдлүүдийг судалж эхлэхийг Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергт үүрэг болгожээ.


Холбоотой мэдээ