Орчны цэвэрлэгээ, сэг зэм устгал, халдваргүйтгэх ажлыг шуурхай зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-03-25 16:19:42

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын энэ сарын 24-ний хуралдаанаас орчны цэвэрлэгээ, сэг, зэм устгал, халдваргүйтгэх шуурхай ажил зохион байгуулах албан даалгавар гаргалаа.

Албан даалгавраар сумдын Засаг дарга нарт мал, амьтны сэг, зэмийг устгах, халдваргүйтгэлийн ажилд шаардагдах ажиллах хүч, унаа тээврийн болон шаардлагатай бусад зардлыг шийдвэрлэж, орон нутгийн байгууллага, малчдыг өргөнөөр оролцуулахыг чиглэл болголоо. Мөн харьяалах нутаг дэвсгэрт отор нүүдэл хийх, шилжилт хөдөлгөөний дамжин өнгөрөх чиглэл хугацааг тогтоох ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх, хяналт тавих ажлын хэсгийг томилж, үүрэгжүүлэхийг даалгасан байна.

Харин малчин, мал бүхий иргэдэд малын эмчийн зааварчилгааны дагуу өвөлжөө, хаваржаа болон эрчимжсэн мал аж ахуйн байрны ойр орчим, ашиглаж байгаа бэлчээрт үхсэн мал, амьтны сэг зэмийг цуглуулж, өөрсдийн машинаар ачин устгалын цэгт устгах, орчны цэвэрлэгээ хийхийг, малын хашаа хороог цэвэрлэх, хөрзөнг гадагш гаргаж хураан биотермийн аргаар 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор халваргүйжүүлэх ажлыг зохион байгуулахыг чиглэл болголоо.

Сумдад мэргэжлийн заавар зөвлөмжөөр хангаж, мал, амьтны сэг зэмийг өвөлжөө, хаваржаа, хашаа, хорооноос 500 метрээс доошгүй зайтай газарт автомашин, ус үерийн замаас зайдуу гүн нүхэнд шатаах буюу булж халдваржүүлэлтийг хийх зэрэг хэд хэдэн ажлыг мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид чиглэл болгосон байна. 

Холбоотой мэдээ