Хөлбөмбөгийн талбай барих ажил 40 гаруй хувьтай байна

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-05-28 12:52:13

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хүүхэд залуучуудыг спортоор тэр дундаа хөлбөмбөгөөр хичээллэхэд таатай, зам талбай бүхий орчинтой болгох зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хөлбөмбөгийн талбай барих ажлыг эхлүүлсэн. “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд барьж буй олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайн ажлыг 5 дугаар сарын 7-ны өдөр эхлүүлсэн аж.

Уг ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 40 гаруй хувьтай газар, шорооны ажил ерөнхийдөө дуусчээ. Улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй спортын талбайн ажлыг “Дорнын өргөө” ХХК гүйцэтгэж байна. Зургаан эгнээ гүйлтийн замтай, дэлхийн жишигт нийцсэн, олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой, үзэгчдийн суудал, тамирчдын хувцас солих өрөө, тасалгаатай хийж байгаа ажээ.

Дарханчууд, тэр дундаа хөлбөмбөгийн спортоор хичээллэдэг, сонирхдог, дэмждэг хүмүүсийн олон жил мөрөөдөж ирсэн стандартын талбайтай болох ажил ийнхүү биелэлээ олж байна. Гэрээнд тусгагдсаны дагуу ирэх долдугаар сарын 7-ны өдөр хүлээлгэн өгөх бол гүйцэтгэгч компанийн зүгээс 7-10 хоногийн өмнө бүрэн дуусгахаар ажиллаж байна гэлээ. Олон улсын стандартад нийцсэн энэхүү хөлбөмбөгийн талбай байгуулахаас гадна ЕБС-ийн 16, 18 дугаар сургуулийн биеийн тамирын талбайд шинээр "Мини хөлбөмбөг"-ийн талбай хийхээр тендер нь зарлагдсан ажээ.

 

Холбоотой мэдээ