Шинэ үндсэн хуулийг батлахад оролцсон төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүллээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-01-12 17:04:04

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 29 жилийн ой энэ оны нэгдүгээр сарын 13-нд тохиож байна. Энэ өдөр манай улс, үндэстний язгуур эрх ашгийг хамарсан гол харилцааг зохицуулах суурь хуулийг ард түмэнтэйгээ хамтран хэлэлцэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлсэн шинэ Үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр юм.

Шинэ үндсэн хуулийг батлалцахад Баянхонгор аймгаас нийт 21 депутат оролцож байснаас өдгөө найман депутат амьд сэрүүн, энх тунх аж төрж байна. Иймээс энэхүү түүхэн өдрийн 29 жилийн ойг тохиолдуулан Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нар тус аймагт ажиллаж амьдарч байгаа шинэ Үндсэн хуулийг батлалцсан депутат  Анандын Рэгзэн, Цэндийн Очирбал нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Мөн нэгдүгээр сарын 13-ны өдөр депутат Дамдинжавын Маравт аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат гэрт нь очиж хүндэтгэл үзүүлэх юм байна.

1992 онд Үндсэн хуулийн төслийг Монгол Улсын анхны байнгын парламент болох Улсын Бага Хурал боловсруулж бүх ард түмнээс санал авсны үндсэн дээр БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутат, Ардын Их Хурлын чуулганаар 76 хоног хэлэлцэж баталсан нь Монгол Улсад эрх зүйн шинэчлэл хийх шинэ Үндсэн хуульдаа нийцүүлэн бусад салбар хуулиудаар хүний эрхийг илүү баталгаажуулж өгөх боломж нээгдсэн байдаг.

Тэгвэл энэхүү үндсэн хуулийг илүү сайжруулж эрх зүйт иргэн төрийн харилцааг илүү бэхжүүлэх үүднээс шинэ Үндсэн хуульдаа  Монгол Улсын Их Хурал  2019 оны 11-р сарын 14-ний өдөр  нэмэлт өөрчлөлт оруулан баталж,  улмаар 2020 оны 05-р сарын 25-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн билээ.

Холбоотой мэдээ