Сэлэнгэ аймаг жендэрийн тэгш байдлыг хангахад санаачилгатай оролцдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-14 17:13:13

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Энэ сарын 12-ны өдөр зохион байгуулсан “Тэгш байдлын төлөөх хамтын санаачилга” сэдэвт цахим зөвлөлдөх уулзалтад Сэлэнгэ аймгаас оролцсон аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Рэгзэдмаа, мөн аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга А.Сарантуяа нар өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн байна.

Сэлэнгэ аймаг жендэрийн тэгш байдлыг хангах асуудалд нэлээд санаачилга сайтай оролцдог байна. Тухайлбал 2020-2024 оны УИХ-д Сэлэнгэ аймгаас хоёр эмэгтэй гишүүн сонгогдсон бол аймгийн ИТХ-ын 37 төлөөлөгчөөс тав нь эмэгтэй байгаа юм. Мөн аймгийн ИТХ-ын даргаар анх удаа эмэгтэй дарга томилогдсон, сумын ИТХ-ын 392 төлөөлөгчийн 142 нь эмэгтэй, сумын ИТХ-ын дарга нараас мөн гурав нь эмэгтэй, сумын Засаг даргад нэг эмэгтэй, сумын Орлогч даргад гурван эмэгтэй, Засаг даргын Тамгын газрын даргад найман эмэгтэй байгаа талаарх мэдээллийг цахим уулзалтын үеэр хүргэсэн аж.

Тус уулзалтад орон нутгийн ИТХ, ЗДТГ, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллага гээд 21 аймаг, нийслэл дүүргээс нийт 130 гаруй албаны төлөөлөл оролцсон байна. Сэлэнгэ аймгаас аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Рэгзэдмаа, аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга Э.Оюунболд, аймгийн ЗДТГ-ын жендэр хариуцсан мэргэжилтэн н.Оюун-Эрдэнэ, аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга А.Сарантуяа, ЛЭОС-ийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлийн дарга Д.Ариунжаргал нарын албаны төлөөллүүд оролцжээ.

“Тэгш байдлын төлөөх хамтын санаачилга” сэдэвт цахим зөвлөлдөх уулзалтыг Либерал эмэгтэйчүүдийн Оюуны сан-Үндэсний сүлжээ, Эмэгтэй удирдагч сан ТББ хамтран “МОНЭС”-гийн дэмжлэгтэй зохион байгуулсан аж. Энэ удаагийн цахим уулзалтын зорилго нь Орон нутгийн төрийн захиргааны байгууллага, ИТХ, улс төрийн намын удирдлагуудад “Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай” НҮБ-ын конвенцын зөвлөмж, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хууль, түүний хэрэгжилтийн талаар танилцуулж, санал солилцох, хуульд заасан квотыг хангах талаар нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгджээ. 

Холбоотой мэдээ