Х.Нямбаатар: Хуульчийн эчнээ, оройн хөтөлбөрт дипломын зэрэг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-20 14:01:22
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. 


Хуралдаанд төсөл санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. УИХ-аас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр баталсан Өмгөөллийн тухай хууль, Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нийцүүлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 7 бүлэг, 41 зүйлтэй төслийг боловсруулжээ.


Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зөвхөн шүүгч, прокурор, өмгөөлөгчийг хуульчаар ажилласанд тооцох зохицуулалттай байсныг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нийцүүлэн өргөжүүлж, шүүгчийн туслах, нотариатч, төрийн байгууллага, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийн багш, хуулийн этгээдэд ажиллаж байгаа хуульчийг хуульчаар ажилласанд тооцохоор нэмж тусгасан байна. Харин төрийн байгууллага, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийн багш, хуулийн этгээдэд ажиллаж байгаа хуульчийн албан тушаалын жагсаалтыг Хуульчдын холбооны удирдах зөвлөл батлах юм байна.


Мөн эрх зүйч мэргэжилтэй Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр ажилласан болон ажиллаж байгаа хүн өөрөө хүсэлт гаргаж, Хуульчдын холбоонд бүртгүүлснээр хуульчийн зөвшөөрлийг олгосонд тооцох зохицуулалтыг бий болгох нь зүйтэй хэмээн төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл, хууль зүйн өндөр мэргэшилтэй байх, энэ чиглэлээр тодорхой хугацаанд ажилласан байх болон бусад шаардлага, шалгуурыг тус тусын хуулиар тусгайлан тавьсан тул уг албан тушаалд ажилласан болон ажиллаж байгаа эдгээр тодорхой тооны этгээдэд хуульчийн зөвшөөрлийг олгох боломжтой гэж үзсэн байна.  


Хуульч бэлтгэх үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор хууль зүйн сургуулийн сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг байх, хууль зүйн сургуулийн үндсэн ангиар эрх зүйч бэлтгэхэд баклаврын зэрэг олгох, харин эчнээ, оройн ангиар эрх зүйч бэлтгэхэд дипломын зэрэг олгохоор төсөлд тусгасан гэв.


Хуульчийн үргэлжилсэн сургалтыг Хуульчдын холбоо нь бусад холбоо, танхимтай хамтран зохион байгуулах талаар тусгажээ. Ингэхдээ хуульч нь нийт багц цагийн тодорхой хувийг Хуульчдын холбооноос зохион байгуулсан сургалтад хамрагддаг байхаар тусгасан болохыг Х.Нямбаатар сайд танилцуулсан юм.


2021 оны тавдугаар сарын 18-ны өдрийн байдлаар Монголын хуульчдын холбоонд бүртгэлтэй нийт 6158 хуульч байгаагийн 518 нь шүүгч, 522 прокурор, 2615 өмгөөлөгч, 277 нотариатч, 2446 нь бусад төрлийн хуульч байгаа аж.


Хуульчдын холбоо нь хараат бус, бие даасан байх бөгөөд Их Хурал, Удирдах зевлөл, Ерөнхийлөгч, Хяналтын хороо, ажлын алба, хуульчийн шалгалт, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах болон эрх зүйч бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн чиг үүргийг хэрэгжүүлэх нэгжтэй байхаар заажээ. Мөн хууль, дүрэмд нийцүүлэн холбогдох нэгж, хороодыг байгуулан ажиллуулах юм байна.


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар эл төслийг хэлэлцэхийг дэмжсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцууллаа. 


Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Ганбат, Х.Баделхан, Л.Мөнхбаатар, Б.Жаргалмаа, Б.Энхбаяр, Ч.Ундрам, Н.Энхболд нарын гишүүн асуулт асууж хариулт авлаа. 


Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, хуульчийн мэргэжлээр бэлтгэдэг эчнээ, оройн ангийг болиулахын зэрэгцээ, бусад мэргэжлийн хүмүүсийг хуульчаар бэлтгэх, өөрөөр хэлбэл, хуулийн бакалавр гэдэг ойголтыг халах бололцоотой эсэхийг лавлалаа. 


ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гишүүний асуултад хариулахдаа, хуулийн төсөлд дээрх асуудлыг хөндөн эчнээ, оройн ангид бакалаврын зэрэг олгохгүй, зөвхөн дипломын зэрэг олгоно гэдгийг тусгасан хэмээн тайлбар өгөв. Мөн бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль явуулдаг байхаар зохицуулалт оруулсныг дурдав. Цаашид Засгийн газраас эдийн засаг, бизнесийн чиглэлээр хуульчийг түлхүү бэлтгэх зорилгоор хууль зүйн сургуульд суралцагч нь эрх зүйн мэргэжлээр суралцаж төгсөхдөө нийт судалсан хичээлийн 30-аас доошгүй хувь нь хувийн эрх зүйн чиглэлтэй байх зохицуулалтыг шинээр тусгасан гэлээ.


Гишүүдийн асуултад ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж хариулахдаа, Хуульчдын холбоо нь төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэж байгаа нийтийн эрх зүйн этгээд гэдгийг тодотгов. Хууль хэрэгжсэн өнгөрсөн найман жилийн хугацаанд цэцэд маргаан гарч, хуулийн амин сүнс болсон заалтуудад нэмэлт, өөрчлөлт олонтаа оруулсныг тэмдэглэв. Тэрээр, энэ хуулийн гол зорилт нь хуулчийн мэргэжлийн чадварыг зохион байгуулах, хуульчид тавих нийтлэг шаардлагыг тодорхой болгох, хуульч бэлтгэх сургалтын магадлан итгэмжлэл хийдэг болохоор боловсруулсан гэдгийг тайлбарлав. Улсны болон хувийн хэвшлийн хуульчийн 15 сургууль байгаа ч сургалтын хөтөлбөр өөр өөр,  нэгдсэн стандартгүй байдаг аж.  Мөн тэрээр, Хуульчдын холбооны Их Хурлын гишүүдийн тоог шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч болон бусад хуульчдын төлөөлөл тус бүр 40 буюу нийт 200 төлөөлөгчтэй байх бөгөөд шүүгч, прокурор болон бусад хуульчдын төлөөлллийг Хуульчдын холбоо, харин емгөөлөгч, нотариатчийн төлөөллийг Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим хариуцан сонгон шалгаруулахаар зохицуулсныг онцоллоо. 


Хуульчдын холбооны Удирдах зөвлөл нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч болон бусад хуульчдын төлөөлөл бүхий 25 гишүүний, Хяналтын хороо нь 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүдийг Их Хурлаас сонгох бөгөөд Удирдах эөвлөлийн болон Хяналтын хорооний гишүүнд нэр дэвшүүлэх журмыг Хуульчдын холбооны дүрмээр зохицуулахаар тусгасныг гишүүдийн асуултад хариулах үеэрээ тэмдэглэв.  


Ингээд гишүүд асуулт асууж хариулт авч, үг хэлсний дараа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн талаарх Байнгын хорооны саналаар санал хураах байсан ч техникийн саатал гарсан тул УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдааныг түр завсарлуулав.


Үдээс хойших хуралдаан хуулийн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гар өргөн санал хурааснаар үргэлжилсэн юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн юм.  Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүлэхээр, УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ