Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолборын барилгын ажлын явц 50 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ХУД-ийн VIII хорооны найман га талбайд барьж байгаа Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолборын барилгын ажлын явц 50 хувьтай байна.
Энэ бүтээн байгуулалт улсын төсөв, хандивын хөрөнгөөр баригдаж байгаа. Захиалагчаар нь “Улаанбаатар спорт менежмент” ХК ажиллаж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хянаж байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолборын барилгын явцтай танилцаж, “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн удирдлагуудтай уулзлаа.
Азийн залуучуудын 2023 оны наадам Улаанбаатарт болно. Манай улсад дэлхийн хэмжээний спортын наадмууд зөвхөн нэг төрлөөр зохион байгуулагдаж байсан. Харин Азийн залуучуудын наадмаар спортын 12 төрлийн 100 гаруй үйл ажиллагаанд 1500 орчим тамирчин ирэх төлөвлөжээ. Мөн тухайн спортын төрлийн хяналтын баг, жуулчид гээд олон хүн ирэх учир бэлтгэлээ сайн хангах хэрэгтэйг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн хэллээ.
“Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн ерөнхий зохион байгуулалтын газрын захирал Ц.Бат-Энх “Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах төлөвлөгөөг шинэчлэн, Зохион байгуулах хороо байгуулах хэрэгтэй. Тус наадам 2023 оны есдүгээр сард найм хоногийн турш үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа. Иймд чанарын шаардлага хангасан тоног төхөөрөмж хэрэгтэй” гэжээ.