“Colonial Pipeline” хакеруудад 4.4 сая ам.доллар төлжээ

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-05-20 15:33:03

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын “Colonial Pipeline” компани түлш дамжуулах хоолойн үйл ажиллагааг зогсооход хүргэсэн хакеруудын бүлэглэлд 4.4 сая ам.доллар төлснөө мэдэгджээ.


Тус компанийн тэргүүн Жозеф Блаунт “Wall Street Journal” сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр, дамжуулах хоолойн үйл ажиллагаа хэр удаан тасалдах нь тодорхойгүй байсан тул төлбөр хийхийг тавдугаар сарын 7-нд зөвшөөрсөн хэмээн ярьжээ. Мөн ийм шийдвэрийг гаргахад хүндхэн байсан гэдгээ хэлсэн байна.


Нийт 8900 км урт хоолойгоор өдөрт 2.5 сая торх түлш дамжуулдаг бөгөөд Зүүн эргийн дизель, шатахуун, түлшний 45 хувийг нийлүүлдэг ажээ. Ж.Блаунтын хэлснээр, компани “DarkSide” бүлэглэлтэй өмнө нь тохиролцож байсан мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний дүнд төлбөр төлөх шийдвэрийг гаргажээ.


“Энэ шийдвэрийг гаргахад хялбар байгаагүй. Тийм хүмүүст мөнгө өгч байгаадаа сэтгэл дундуур байсан ч улс орныхоо төлөө үүнийг хийсэн” гэж тэрбээр нэмж хэлжээ. Тус компани тавдугаар сарын 7-нд цахим халдлагад өртсөнийхөө дараа үйл ажиллагаагаа түр зогсоохоор шийдвэрлэсэн юм.


Colonial Pipeline биткоиноор төлбөр хийснийхээ хариуд хакеруудаас код тайлах хэрэгслийг хүлээн авсан боловч энэ нь системийг нэн даруй сэргээхэд хангалтгүй байсан гэж сонинд мэдээлжээ. Дамжуулах хоолойн үйл ажиллагаа өнгөрсөн долоо хоногоос хэвийн болсон ч Хойд Каролина, Жоржиа зэрэг мужид шатахуун хомсодсон хэвээр байгааг “Gas Buddy” фирм мэдээлжээ. 

Холбоотой мэдээ