Дэлхийн газар нутгийн тавны нэг нь хөрсний доройтолд ороод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-05-20 19:12:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75 дугаар чуулганы дарга Волкан Бозкир олон орон дахь цөлжилт, газрын доройтлын талаар өгүүлснийг хүргэж байна. 


Тэрээр, өнөөдөр 5 дугаар сарын 20-нд Нью-Йорк хот дахь НҮБ-ын ерөнхий ассамблейн танхимд цөлжилт, газрын доройтол, хуурайшилтын талаар өндөр түвшний чуулга уулзалтыг зохион байгуулж буйг дурдаад, "Энэ уулзалт бидэнд газрын доройтол бодитой нүүрлэж байгаа бөгөөд нэн хойшлуулшгүйгээр тэмцэх хэрэгтэй гэдгийг сануулах болно. 

Түүнчлэн  уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, цөлжилт гэсэн гурван тусдаа асуудал нь өөр хоорондоо ямар нарийн уялдаа холбоотой болохыг ойлгуулах болно. Үүгээрээ дэлхийн хэмжээний хамтын ажиллагаа хэрэгтэй байгааг илэрхийлэх болно" гэдгийг уламжилж байна. 


Тэрээр өнөөдөр дэлхий нийтэд цөлжилтийн гол үр дагавар нь газрын доройтол болж, үүний улмаас газрын хөрс маш ихээр эвдэрч, амь амьдралыг тэтгэх чадвараа алдаж байна гэдгийг онцолжээ.


Хөрс бол зөвхөн шороо биш юм. Хөрс эрүүл байж гэмээ нь эх дэлхий маань эрүүл байх нь зайлшгүй. Бидний хөл доор гишгэгдэн байгаа газарт маань ургамал, амьтад, нүдэнд үл үзэгдэх олон түмэн бичил биетүүдийн амьдралын далд ертөнц өрнөн байна. Чухам эдгээрээс бидний амьдрал ихээхэн хамааралтай. Тэр бүр хайхраад байдаггүй энэхүү их нөөц баялаг нь хөдөө аж ахуй болон хүнсний үйлдвэрлэлийг гол тэжээн тэжээгчид юм. Энэ нь хүлэмжийн хийн ялгарлыг шингээж зохицуулахаас гадна ургамал, амьтад, хүн төрөлхтний эрч хүчийг хэвээр хадгалахад тус дэм болдог.


Өнөөгийн байдлаар манай дэлхийн газар нутгийн тавны 1-ээс илүү хувь нь, түүний дотор ХАА-н зориулалттай нийт газар нутгийн талаас илүү хувь нь хөрсний доройтолд ороод байна. Жилд 12 сая гаруй га газар нутаг цөлжилт, газрын доройтол, хуурайшилтад нэрвэгдэж байна. Энэ байдал ялангуяа, хөгжиж буй орнуудын амьдрал ядуу, хөдөө орон нутагт оршин суугч 3 тэрбум гаруй хүмүүсийн амьдрал ахуйд маш хүндээр тусаж байна. 


Үүний зэрэгцээ газар нутгийнхаа орчин нөхцөлийг үл хайхарч шууд тариалангийн талбай болгон хувиргаж байгаагаас үүдэлтэйгээр агаар мандалд нүүрсхүчлийн хий болоод азотлог ислийг ялгаруулахад хүргэж байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийг хурдасгаж, биологийн олон янз байдлыг алдагдуулж, халдварт өвчин дэгдэхэд нөлөөлж байна. Энэ бүхэн нь ундны усны хангамж, амьжиргаанд аюул учруулаад зогсохгүй, байгалийн гамшиг, байгалийн гамшигт үзэгдлийг даван туулах та бидний эрч хүч, чадавхыг эрсдэлд оруулж байна.  


Хэрэв бид одоо л амжиж дорвитой алхам хийхгүй бол нөхцөл байдал улам л уруудах болно. Ирэх 25 жилийн хугацаанд газрын доройтлын уршгаар дэлхийн хүнсний үйлдвэрлэл 12 хувиар буурч, дэлхийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнэ 30 хувиар өсөхөд хүргэж болзошгүй юм. Бид хэт тайвшрах юм бол Тогтвортой хөгжлийн зорилгод хэзээ ч хүрч чадахгүй болно.


Гэхдээ найдлага тасрах  болоогүй бөгөөд хамтын хүчээр хийж бүтээх ажил олон байна. КОВИД-19 халдвараас сэргийлэх вакциныг маш хурдтайгаар хөгжүүлж чадсаны нэгэн адил хүсэл зорилго, нөөц бололцоогоо дайчлан гар нийлж хүчээ нэгтгэж чадвал хүн төрөлхтөн гайхамшгийг бүтээж болохыг бид мэдэрсээр байгаа.


2030 он гэхэд 350 сая га доройтсон газар нутгийг нөхөн сэргээх замаар 13-26 гигатонн хүлэмжийн хийг агаар мандлаас цэвэрлэх  боломж бий. Газар нутгийг нөхөн сэргээх чиглэлээр өндөр ур чадвар шаардахгүй, хөдөлмөр ихээр шингээх  төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулах нэг ам.доллар тутмаас наад зах нь  9 ам.долларын эдийн засгийн үр ашгийг бүтээх боломж байна. Газар нутгийг нөхөн сэргээснээр  олон салбарт  ногоон ажлын байр бий болгоод зогсохгүй илүү шим тэжээллэг хүнс тариалах, ундны усны аюулгүй байдлыг хангах, биологийн олон янз байдлыг устах аюулаас сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, улмаар дасан зохицох боломжийг бүрдүүлнэ.


Жимс, хүнсний ногооны найдвартай хангамж үргэлж шаардагдаж байдаг хот суурины оршин суугчид, үзэсгэлэнт далдуу модоор хүрээлэгдсэн тусгай хамгаалалттай газрын наран шарлагын газарт жуулчдад үйлчилж бизнес эрхлэн амьжиргаагаа залгуулж байдаг арлын зочид буудлын эзэд, байгалиас гаралтай эмийн зүйлээс амь амьдрал нь үргэлжийн хамааралтай эмнэлгийн өвчтөнүүд хэн нь ч байлаа гэсэн  нэг л зүйл маш тодорхой байна. Хорвоо ертөнц дээр хэн ч бай, юу ч бай  газартай холбоогүйгээр оршин тогтнох боломжгүй гэсэн ганц үнэн.  


Тэгэхээр та газар шороо, хөрсөө хамгаалахын тулд юу хийж чадах вэ? Хамгийн энгийн нэг алхам бол хоол хүнсээ хог хаягдал болгохгүй байх явдал юм. Учир нь бидний хаяж буй хоол хүнсийг үйлдвэрлэхийн тулд тариаланчид маань ихээхэн газар ашиглаж тэр хэмжээгээрээ хөрсийг ямар ч үр ашиггүйгээр доройтуулсаар байх болно.  Хэрэв та хот суурин газрын оршин суугч бол дээвэр дээрээ ногоон цэцэрлэг, таримал ногоон байгууламж байгуулах зэрэг шинэлэг аргуудыг ашиглан хотоо ногоон болгохын төлөө нутгийн удирдлагуудтайгаа хамтран ажиллах боломжтой.


НҮБ-ын ажлын нэг чухал хэсэг бол газрын доройтлыг нөхөн сэргээх явдал юм. Ирэх саруудад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенц (UNCCD), Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь Конвенц (UNFCCC), Биологийн олон янз байдлын тухай Конвенц (CBD) зэрэг Риогийн гурван Конвенцын хэрэгжилтийг хэлэлцэх томоохон чуулга уулзалтуудыг нэг жилд багтаан анх удаа  зохион байгуулах гэж байна.  Энэ нь байгаль дэлхийнхээ нөхцөл байдал, эрүүл байдлыг хэрхэн сайжруулах, улмаар оршин тогтнолоо хамгаалахын тулд юу хийж болох талаар эргэцүүлэн бодох онцгой боломж юм гэдгийг тэрээр тэмдэглэж байна.


Холбоотой мэдээ