Нийслэлийн 4 цэгээс шинэ нисэх буудал руу нийтийн тээвэр үйлчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнөөдөр Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудлын нислэг, үйлдвэрлэлийг нээх бэлтгэл ажилтай танилцаж холбогдох удирдлагуудад зарим үүрэг, чиглэл өглөө.
Шинэ нисэх буудал Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгээр үйл ажиллагаагаа маргааш нээхээр бэлтгэл хангаад байгаа юм.
Салбарын сайд бэлтгэл ажлыг сайн хангаж, нарийвчилсан
төлөвлөгөөний дагуу нүүлгэн шилжүүлэлтийг амжилттай гүйцэтгэж байгаа
ажлын баг, бусад ажилтнуудад талархал илэрхийлээд, цар тахалтай энэ үед нислэгийн ачаалал
бага байгааг давуу тал болгон шинэ нисэх буудлаа ашиглалтад оруулах бэлтгэлийг
тайвнаар хангах боломж бүрдсэнийг дурдав.
Хэрэв нислэгийн ачаалал ихтэй үед нүүлгэн шилжүүлэх болбол нэг
шөнөд багтаан гүйцэтгэх, өндөр ачаалалтай ажиллахаар байсан. Өнөөдөр шөнө үлдсэн 3 хувийн ажлаа гүйцэтгэнэ. Энэ ажилд Л.Халтар сайд
амжилт хүсээд, нислэгийн аюулгүй байдлыг хангах, хур бороо их байгаатай
холбогдуулан аэродром орчимд, шаардлагатай газруудад үерийн ус зайлуулах
далангийн асуудал, нийтийн тээвэр, такси үйлчилгээний
талаарх мэдээлэл олон нийтэд сайн хүргэх, шинэлэг, соёлтой үйлчилгээ нэвтрүүлэх
зэрэгт Нисэх буудлын болон ИНЕГ-ын удирдлагууд анхаарч ажиллаарай гэлээ.
Мөн тэрбээр “Та бүхний хариуцлага иргэдэд үйлчлэх автобус болон
таксины зогсоолоос эхлэх ёстой. Нийтийн тээвэр, таксинаас бухимдаж бууж ирсэн
иргэн шинэ нисэх буудлаар таатай үйлчлүүлэхгүй. Тиймээс таксины жолоочийг
үйлчлүүлэгчийнхээ тээшийг ачиж, буулгаж өгөхөөс эхлээд үйлчилгээний найрсаг харилцаа,
соёлд сургах ёстой” гэдгийг дурдав.
Шинэ нисэх буудлын үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан 2021 оны
7 дугаар сарын 4-ний өдрөөс Улаанбаатар-Шинэ нисэх буудал-Улаанбаатар чиглэлд
нийслэлийн 4 цэгээс нийтийн тээвэр үйлчилнэ.
Түүнчлэн нээлтийн үйл ажиллагаатай холбогдуулан шинэ нисэх буудал нь тус өдрийн 13.00 цаг хүртэл угтагч, үдэгчдийг нэвтрүүлэхгүй, 13.00 цагаас хойш ковидын вакцинд бүрэн хамрагдсан бичигтэй иргэд цар тахлын халдвараас сэргийлэх дүрэм, журмыг мөрдөн нисэх буудлаар үйлчлүүлэх боломжтой болох юм.