Жуулчдын зам дагуу тэмдэгт багана байршуулж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-07-18 13:22:37

Дундговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазуудын хооронд замын тэмдэг хийж байна. Энэ нь зөвхөн км заасан самбар байх биш, Түрэгийн үеийн дүрслэл бүхий сийлбэртэй, шөнө гэрэлтэж харагддаг, 180 см өндөр, 45 см өргөнтэй байгалийн боржин чулуун багана байх юм.

Чулуун баганыг Адаацаг, Гов- Угтаал, Дэлгэрхангай, Өлзийт, Хулд, Гурвансайхан, Дэлгэрцогт, Сайхан- Овоо сумын нийт 17 цэгт жуулчны зам дагуу байршуулах бөгөөд “Боржин чулуу” ХХК энэ төслийг гүйцэтгэж эхэлжээ.

Дундговь аймгийн нутагт саатан аялах жуулчид шөнийн цагт гэрэлтдэг, өвөрмөц хийцтэй, байгалийн чулуун тэмдэглэгээгээр баримжаалан аялалын замдаа саадгүй зорчих  нөхцлийг бүрдүүлэхэд аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас 80 сая төгрөг зарцуулж байна. Өнгөрсөн онд жуулчны баазуудын дэд бүтэцийг сайжруулахад зориулж тус бүр 30 сая төгрөгийн дэмжлэгийг мөн орон нутгийн хөгжлийн сангаас өгч байсан бол энэ жил жуулчдын маршрут дагуу замын тэмдэг ийнхүү байршуулж байгаа нь аялал жуулчлалыг дэмжин хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт болжээ.

Ийм хийц бүхий тэмдэгт багана өөр аймагт хийгдэж байгаагүй юм байна. Одоогоор Адаацаг Дэлгэрцогт, Говь- Угтаал суманд тэмдэгт баганыг байршуулжээ.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ