Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D

ЖЮЧУАНЬ, 2026 оны арваннэгдүгээр 24 /Reuters/. Хятадын “Шэнжөү-24” сансрын хөлгийг лхагва гаргийн өглөө орон нутгийн цагаар 08:18 цагт хөөргөнө. Тус хөлгийн багийн бүрэлдэхүүнд Пакистаны сансрын нисгэгч багтсан бөгөөд тэрбээр тойрог зам дахь Хятадын станцад ажиллах гадаадын анхны сансрын нисгэгч болно.
Гурван хүний бүрэлдэхүүнтэй нислэгийн багт хөлгийн дарга Тан Хунбо, бүхээгийн инженер У И болон Пакистаны ачаа тээш хариуцсан мэргэжилтэн Зишан Али нар багтжээ. Хятадын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд Пакистаны мэргэжилтнийг уг нислэгт оролцуулж байгаа ажээ.
"Багийн гишүүдийн биеийн байдал сайн байгаа, хөөргөх бэлтгэл бүрэн хангагдсан" гэж Хятадын сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газраас (CMSA) мягмар гарагт буюу өнөөдөр мэдээллээ.
Хятад улс 2021 оноос хойш “Шэнжөү” хөтөлбөрийн хүрээнд гурван хүний бүрэлдэхүүнтэй сансрын нисгэгчдийн багийг “Тяньгун” станцад зургаан сарын хугацаатай ажиллуулахаар илгээж байгаа юм. Харин З.Али богино хугацаагаар станцад ажиллаад, “Шэнжөү-23” хөлгийн багийн хоёр гишүүний хамт Дэлхийд буцаж ирэх ажээ.
“Шэнжөү-23” хөлгийн багийн гишүүн Жу Янжү дахин нэг жил үргэлжлэх даалгаврыг гүйцэтгэхээр сансарт үлдэнэ гэж CMSA мэдээлсэн байна.
АНУ, Хятад хоёр улсын Сарыг эзэмших өрсөлдөөн ширүүсэж буй үед “Шэнжөү-24” хөлгийг хөөргөх гэж байна. АНУ-ын тал Хятадыг Сарыг колоничилж, баялгийг нь олборлохоор төлөвлөж байна хэмээн буруутгадаг ч Хятадын тал уг мэдэгдлийг эрс няцаасаар байгаа юм.
“Шэнжөү-24” хөлгийг Хятадын баруун хойд нутагт орших Жючуань сансрын хөлгийн буудлаас “Чанжэн-2Ф” зөөгч пуужингаар хөөргөнө. Энэ нь Хятадын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн 41 дэх нислэг бөгөөд багийн гишүүд “Шэнжөү-23” хөлгийн багтай тойрог замд ээлж солилцох юм. Сансрын нисгэгчид тойрог замд ажиллах хугацаандаа станцын судалгааны ажлуудаас гадна, шинжлэх ухааны туршилтууд хийх аж.