Ямааны ноолуур нэг кг нь 150 мянган төгрөг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-04-12 14:55:14

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймагт нэг кг ямааны ноолуур 140 орчим мянга байгаа бол хөрш зэргэлдээх Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд нэг кг ямааны ноолуур 150 мянган төгрөг байгаа аж.

Дорноговийн зүүн талын сумдын мал бэлчээрээр Баяндэлгэрийн малтай нийлдэг тул ямааных нь ноолуур чанартай сайн байдаг гэж малчид ярьж байна.

Учир нь орон нутгийн удирдлага, мал аж ахуйн мэргэжилтнүүд тусгай бодлогоор нутгийн шилмэл улаан ямаа үржүүлэх улсын үржлийн фермийг 7,5 мянган ямаатайгаар байгуулж, чийрэг бие цогцостой, ноолууржилт сайтай  улаан, үзмэн хүрэн, шарга зүсмийн ямааг шилэн сонгож, тохиромжтой  хэвшлийн  ямааг өөр дотор нь үржүүлэх аргаар тал хээрийн бүсэд зохицсон нарийн /кашмир/ ноолуур, мах, сүүний чиглэлийн “Баяндэлгэрийн улаан” үүлдрийн ямаа бий болгожээ.

Ноолуурын чиглэлийн тус ямаа нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумаас гадна Түвшинширээ, Уулбаян, Баруун-Урт,  Онгон, Наран суманд голчлон бэлчээрлэдэг бөгөөд Сүхбаатар аймгийн бүх сумын болон Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн хил залгаа сумын ямаан сүрэгт сайжруулагчаар ашигладаг аж.

Тиймээс Дорноговийн зүүн талын сумдын малчид ямаагаа Баяндэлгэрт ахиу үнээр борлуулдаг гэж албаныхан мэдээлэв.   

Холбоотой мэдээ