МУБИС-ийн оюутнуудад "D-Parliament" цахим системийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-05-16 15:47:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар МУБИС-ийн оюутнуудад "D-Parliament" цахим хуудсыг танилцуулах уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.


Энэхүү цахим систем нь УИХ-ын үндсэн үйл ажиллагаа болох хууль тогтоох үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн бөгөөд Монгол Улсын иргэн хэн бүхэн хуулийн төсөлд санал өгөх, цахим хэлэлцүүлгийн платформ, иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах шугам, УИХ-ын үйл ажиллагааны цахим товхимол зэрэг үндсэн дөрвөн функцтэй аж.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар технологийн дэвшлийг ашиглан ардчиллыг шинэ шатанд гаргахад залуусын оролцоо, манлайлал чухал гэдгийг онцлов. Мөн тэрбээр нийт оюутан суралцагч болон олон нийтэд хандаж "D-Parliament" цахим хуудсанд нэгдэж, нийгмийн асуудлыг нийтээрээ зөвлөлдөж хэвшихийг уриалсан юм.


Уулзалтад МУБИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч доктор, дэд профессор О.Алтангоо, Сургалт эрхэлсэн дэд захирал доктор, дэд профессор Н.Мягмарцоож, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал доктор, профессор Д.Наранцэцэг, Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал доктор Д.Мандах, Санхүү, аж ахуй эрхэлсэн дэд захирал доктор, профессор Д.Мөнхжаргал болон албаны дарга нар, бүрэлдэхүүний сургуулийн захирлууд оролцов.




Холбоотой мэдээ