Халимаг үүлдрийн үхрээр малын чанарыг сайжруулах тухай санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-08-16 15:44:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон холбогдох албан тушаалтнууд ОХУ-ын Буриад улсын халимаг үхэр үржүүлэх үндэсний нийгэмлэг, Халимагийн үндэсний их сургууль, хувийн аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа.


Уулзалтаар эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр Буриад улстай хамтран ажиллах талаар санал солилцов. 

ХХААХҮЯ-наас мал аж ахуйн үйлдвэрлэлийн эдийн засгийн өсөлтийг нэмэх, газар тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгож, бодлого зохицуулалтыг шат дараатай хэрэгжүүлж байна. 


Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар 2021 оны байдлаар ДНБ-ий 13 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд мал аж ахуйн салбар 87,3 хувийг эзэлж байна. Нийт 188,6 мянган малчин өрх 2021 оны байдлаар 67,3 мянган нас бие гүйцсэн мал үржүүлж байна. Энэ онд улсын хэмжээнд 24 сая төл хүлээн авч 90 гаруй сая малтай боллоо.   


Манай улсын зарим аж ахуйн нэгжүүд Франц, Герман, Чех, ОХУ, БНХАУ зэрэг орноос цэвэр үүлдрийн мах ноосны хонь, сүү, махны чиглэлийн үхэр, сүүний ямаа, хурдан удмын адууг импортлон малынхаа чанар, ашиг шимийг сайжруулж байгаагийн нэг нь халимаг үүлдрийн үхэр юм. Энэ үхэр нь манай орны эрс тэс уур амьсгалд дасан зохицох чадвартай, тэсвэр сайтай нь батлагдсан. Иймд үхрийн махны үйлдвэрлэлийг богино хугацаанд нэмэх боломжтойг тогтоожээ. Сүүлийн жилүүдэд манай махны үхэр үржүүлэх сонирхолтой, энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд халимаг үхрийг сонирхон, ОХУ-ын Буриад улсаас үржлийн халимаг үхрийг импортлолж байна. Тухайлбал, Монгол Улсын “Батган-Агро” компани үхрийн махны чанар, гарцыг нэмж, мах, махан бүтээгдэхүүнийг дотоод гадаадын зах зээлд нийлүүлэхээр ОХУ-аас 2019 онд халимаг үүлдрийн 171 толгой үхрийг импортлон, Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд үржүүлж байгаа аж.


Мөн ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төв улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд Буриад Улсын үржлийн аж ахуйгаас халимаг үүлдрийн 4 толгой бух, 6 толгой үнээ худалдан авч, тэдгээрээс үржлийн бүтээгдэхүүн хөлдөөсөн үр, хөврөл үр үйлдвэрлэн сонирхсон иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн ажил, үйлчилгээг үзүүлэв. Цаашид халимаг үүлдрийн үхэр цэврээр нь үржүүлж буй ОХУ-ын зарим аж ахуйн нэгжтэй харилцаа, холбоогоо бэхжүүлж, дотоодын аж ахуйн нэгж, Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагааг холбон, хамтын ажиллагааг илүү бодит үр дүнтэй явуулах хүсэлтэйгээ Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн илэрхийллээ.  

Холбоотой мэдээ