ЗАВХАН: Австрали улсад тэтгэлгээр суралцаж амьдрах боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-29 11:27:44

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн хүүхдүүд Австралийн тэтгэлэгт хамрагдах боломжтой боллоо.

Австралийн Холбооны Улсын Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Dave Preston болон Австрали Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Л.Энхтүвшин нарыг аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Завханы залуучуудыг богино болон урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөрт сургах. Сайн дурын ажилтнуудыг аймагт гадаад хэл, хөдөө аж ахуйн болон бусад чиглэлээр авч ажиллуулах. Австрали Улсад ажиллангаа амрах визэнд хамрагдах зэрэг асуудлуудаар хамтран ажиллахаар ярилцлаа. Мөн үеэр Австрали Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Л.Энхтүвшин Австралийн тэтгэлэгт хэрхэн хамрагдах талаар төрийн албан хаагчид болон иргэдэд мэдээлэл өгсөн. Энэхүү тэтгэлэгт зөвхөн магистрын зэргээр хамрагдах боломжтой бөгөөд Австралид ирж, буцах онгоцны зардал, Австралид очиж суурьших нэг удаагийн тэтгэмж багтана.


Мөн сургалтын бүрэн төлбөр, амьжиргааны зардал, академик сургалтын баримжаа олгох хөтөлбөр, тэтгэлэгт хугацааны эрүүл мэндийн даатгалд хамруулна. Академик сургалтын нэмэлт дэмжлэг, судалгааны ажлын зардал зэрэг төлбөрүүдийг Австралийн Засгийн газраас санхүүжүүлнэ гэв. Зөвхөн судалгаа хийж буй оюутны судалгааны ажлын зардлыг даах аж. Тус тэтгэлэгт хамрагдах хүн нь бакалаврын дипломын голч оноо 3.0-аас дээш байх. Хоёр болон түүнээс дээш жил тасралтгүй ажил эрхэлсэн байх. Академик IELTS-ийн голч оноо 6.0-аас доошгүй байх зэрэг шаардлагыг хангах ёстой юм гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ