Бөөрөлжүүтийн цахилгаан станц 2024 онд ашиглалтад орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-10-13 08:39:45
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай болон түүнийг түшиглэн баригдах цахилгаан станцын төслийн явц байдалтай өчигдөр танилцлаа.


Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй 300 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий цахилгаан станцын хөрөнгө оруулагч “Бодь интернэшнл” ХХК-ийн удирдлагууд 2024 оны 10 дугаар сард барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулна хэмээн танилцууллаа. Станцын барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Sinosteel Equipment and Engineering компани шалгаран ажиллаж байна.


Станцын барилга угсралтын ажил энэ оны 7 дугаар сард эхэлж, үндсэн барилгуудын суурийн ажлууд болон дагалдах дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Харин үндсэн барилгын төмөр хийцийн барилга угсралтыг 2023 онд эхлүүлэх төдийгүй тоног төхөөрөмжийн захиалгыг хийжээ. Мөн 2023 онд Багануур дүүрэг хүртэлх 71 км цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ/-ыг өөрийн хөрөнгөөр хийж дуусган “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-нд хүлээлгэн өгөх юм.


Уг цахилгаан станц зуухны нүүрсний шаталт өндөр, усны хэрэглээ гурав дахин бага, түлшний найдвартай эх үүсвэртэй төдийгүй нүүрсийг уурхайгаас битүү туузан дамжуургаар зөөвөрлөх зэрэг олон давуу талтай гэдгийг компанийн зүгээс танилцууллаа.



Холбоотой мэдээ