ДУНДГОВЬ: БНСУ-ын Кёнги мужийн Гуяан хоттой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-12-27 16:35:05
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. БНСУ-ын Кёнги мужийн Гуяан хотын дарга И Дун Хуан Ногоон хот төслийн баг, Ойн хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүдийн хамт Дундговь аймагт айлчилж, Мандалговь хотноо байгуулсан Гуяаны төглийг тус аймагт хүлээлгэн өгч, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр гэрээ байгуулав.

2009 онд цөлжилт, шар шороон шуурганы нөлөөг багасгах, элсний нүүдлийг бууруулах зорилгоор Мандалговь хотод “Гуяаны төгөл” төсөл хэрэгжүүлэхээр талууд хамтран ажиллах гэрээ байгуулж, төслийг амжилттай хэрэгжүүлж, гэрээний хугацаа дуусаж, ийнхүү орон нутагт нь хүлээлгэн өгч байна.

Төслийг “Ногоон Ази сүлжээ” ТББ гүйцэтгэн, 13 жилийн хугацаанд 100 га талбайд 7 төрлийн 100399 ширхэг мод тарьж ургуулжээ.  

Уулзалтын үеэр Гуяан хотын дарга И Дун Хуан хэлсэн үгэндээ “зүүн Азийн цөлжилт, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийг багасгах зорилгоор эхэлж байсан энэ төсөл маань анх ажлаа эхэлснаас хойш 13 жил болсон байна. Энэ хугацаанд мод тарих, усалгаа хийх, хашаажуулах, арчлах хамгаалах гээд олон чиглэлээр Дундговь аймагтай хамтран ажилласан. Байгаль орчны энэ хүндрэл, асуудал бол зөвхөн Монгол Улсын асуудал биш, дэлхий нийтийн асуудал юм” хэмээн онцолж, цаашдаа хамтран ажиллахаа илэрхийллээ.

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хэлсэн үеэндээ “эрдэмтдийн судалгаагаар Монгол Улс, тэр дундаа Дундговь аймаг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, элсний нүүдэл, шар шороон шуурганд хамгийн их өртсөн аймаг гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс манай аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Дундговио ногооруулья” дэд хөтөлбөрийн хүрээнд 2030 он хүртэл 30,0 сая мод тарьж ургуулах зорилт тавин ажиллаж байна.

Бидний энэхүү ажлыг дэмжин Гуяан хотын зүгээс дахин шинэ төсөл эхлүүлж, 100 га-д шинэ төгөл байгуулахаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болсондоо туйлын баяртай байна” гээд цаашид хоёр талын хамтын ажиллагааг байгаль орчны салбараас гадна эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн чиглэлээр өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Уулзалтын үеэр  Гуяан хотын дарга И Дун Хуаныг Дундговь аймгийн "Хүндэт иргэн" цол, тэмдгээр шагналаа. 

Холбоотой мэдээ