СЭЛЭНГЭ: Дулааны цахилгаан станц барих суурь судалгаа хийгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-08-28 17:40:31

Сүхбаатар/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төвд баригдах 50мВт дулааны цахилгаан станцын суурь судалгааны ажлууд хийгдэж байна.


Аймгийн Засаг дарга тус станцын барилгын ажлыг хийж гүйцэтгэх төслийн багийнхан буюу ерөнхий инженер, усны инженер, байгаль экологийн инженер, тоног төхөөрөмжийн инженерүүдтэй уулзаж, барилга баригдах талбайд газрын төлөв байдалтай танилцаж, санал солилцлоо.

 

Тус төслийн багийнхан энэ намар ажлаа эхлүүлж, 2026 онд бүрэн хүлээлгэн өгөх боломжтой гэдгийг уулзалтын үеэр илэрхийлсэн байна.


Сэлэнгэ аймгийг дулаанаар хангадаг “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ олон жил доголдолтой, иргэдээс гомдол тээсээр, өр авлагын асуудалтай явж иржээ.


Иймээс станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, бага зардлаар өндөр ашиг олох, цаашлаад сумын хөгжилд түлхэц өгөх үүднээс энэхүү шинэ станцыг барьж байгуулах ажлыг эхлүүлж байгаа юм.

 

Дулааны цахилгаан станц барьснаар аймгийн төвийн иргэд хэрэглээний усаар 4 улирлын турш хангагдах аж. Одоо бол зөвхөн өвлийн улиралд хэрэглээний халуун ус хэрэглэж байгаа бөгөөд зуны улиралд 7 хоногт 2-3 удаа хуваарийн дагуу өгч байгаа юм.

 

Түүнчлэн станц барьснаар цаашид халахгүй байна гэсэн гомдол үгүй болох, доголдох асуудал арилах аж.

Холбоотой мэдээ