Шатахуун түгээх станцуудад хяналт, шалгалт хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-28 12:50:27

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Агентлагийн даргын 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаартай удирдамжтай хяналт, шалгалтыг шатахууны жижиглэн болон бөөний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг хамруулан эхлүүлжээ.


“Петровис”, “Тэс петролиум”, “Магнай трейд”, “Шунхлай”, “Сод Монгол” зэрэг аж ахуйн нэгжийн жижиглэн худалдаа эрхлэгч шатахуун түгээх станцуудад өнөөдөр хяналт, шалгалт хийсэн байна. Хяналт шалгалтад хамрагдсан зарим ШТС-д АИ-92 автобензин хэвийн олгож байсан бол заримд нь дууссан, татан авалт ирээгүй байгаа тул олгохгүй гэжээ. Шатахуун дууссан байгаа талаараа “Ойрын үед ачаалал өндөр байгаа. Мөн амралтын өдрүүдэд агуулахаас татан авалт хийгддэггүй тул ажлын эхний өдөр нөөц дууссан, татан авалтаа хүлээж байна” гэсэн тайлбар хийсэн байна.


 Харин ихэнх ШТС-д дизель түлшний нөөц бага, гэрээт болон хэрэглэгчийн карт, талонтой хэрэглэгчдэд хязгаартайгаар олгож байгаа аж. Шатахууны жижиглэн болон бөөний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын ажил 30 хоногийн хугацаанд үргэлжилнэ.


Энэ хүрээнд шатахуун импортлогч аж ахуй эрхлэгч тус бүрээр нөөцийн мэдээ гаргуулах, үнэ бүрдэлтийн мэдээлэлд судалгаа, шинжилгээ хийх, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд зөрчлийг арилгуулах, холбогдох хуулийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх, хяналт шалгалтын дүн мэдээг нэгтгэн, санал боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм байна.

Холбоотой мэдээ