Г.Занданшатар: Ойрын дөрөв хоногт 350 вагон түлш шатахуун хилээр орж ирнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар түлш шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгох хүрээнд хийж буй ажлын талаар тодруулсан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн асуултад тайлбар хийв.
Тэрбээр “Иргэдээс түлшний хомсдол үүсэж буй асуудлаар гомдол хүсэлтүүд ирж байна. Түлш шатахууны тээвэрлэлтийг зохицуулахаар ажиллаж байгаа гэдгээ С.Ганбаатар сайд хэлсэн. Намайг ОХУ-ын Төрийн Думтай холбогдож өгөөч хэмээн хүссэн. Энэ дагуу холбогдоод, өнөөдөр Засгийн газар хоорондын комиссын шинэ даргатай уулзлаа. Өчигдөр орой “Төмөр замын нэвтрүүлэх нөхцөлөөс үүдэн тээвэрлэлт саатсан байж болзошгүй. Түүнээс ОХУ-ын зүгээс ямар нэгэн хориг хязгаарлалт тавиагүй. “Роснефть” компани бүрэн хэмжээгээр ханган нийлүүлэхэд бэлэн” гэсэн мэдээллийг надад өгсөн.
Түлш шатахууныг яаралтай ачуулахаар шаардлагатай зохицуулалтыг хийсэн байна. Өнөөдөр 117 вагон түлш шатахуун хилээр орж ирнэ. Маргааш 54 вагон хилээр нэвтрүүлнэ гэх зэргээр нарийвчилсан хуваарийг танилцуулсан. Өнөөдрөөс ирэх сарын 2-ны өдрийн хооронд буюу ойрын дөрөв хоногийн хугацаанд нийт 350 вагон түлш шатахуун орж ирснээр хомсдол хязгаарлалтын асуудал жигдэрнэ гэж үзэж байна.
Төмөр замын тээвэрлэлттэй холбоотойгоор тусгай төлөөлөгч томилсон байна. Тодруулбал, Төмөр замын нэгдүгээр орлогч дарга энэ ажлыг хариуцан ажиллаж буй. Тус төлөөлөгч саатал хаана байгааг тодруулж, хяналт тавьж ажиллах юм. Монголын талаас ч мөн тусгайлан хариуцах албан тушаалтныг томилж, түлш шатахууны тээвэрлэлтийг хуваарийн дагуу явуулахаар тохирсон. Иймээс ойрын хугацаанд түлш шатахууны хангамжийн асуудал тогтворжино. “Роснефть” компани ямарваа нэгэн хориг хязгаарлалтгүйгээр түлш шатахуун нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэн” хэмээв.