Шатахууны үнэ нэмэгдэхгүй, тогтвортой үнээр нийлүүлж байгаа гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны
дараагаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар цаг үеийн асуудлаар буюу тодруулбал, нефть бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамж,
үнийн талаар мэдээллээ.
Энэ оны 12 дугаар сард
ОХУ-ын “Роснефть” компаниас 51 мянган тонн, бусад компаниудаас 15 мянган тонн,
нийт 71 мянган тонн Аи-92 автобензин захиалснаас өнөөдрийн байдлаар 54 мянган
тонныг гаалийн бүрдүүлэлт хийн оруулж ирээд буйг тэрбээр мэдээллээ.
ОХУ-ын Ангарск хотоос 253 вагон Аи-92 автобензин ачигдаад замдаа явж байна. Нийтээ энэ 12 дугаар сард багтаан манай улсын дундаж хэрэглээнээс 10 мянган тонноор илүү Аи-92 бензин нийлүүлэгдэнэ гэв.
Тэрбээр мөн, автобензиний үнэ
нэмэгдэхгүй, тогтсон үнээр нийлүүлж байгаа. Аи-92 автобензиний хил хүртэлх
үнэ нь нэг тонн нь 705 ам.доллар буюу 5 жилийн, урт хугацаагаар байгуулсан
гэрээнд тусгасан тогтвортой үнэтэй байгаа гэдгийг хэлэв.
Манай улсад борлуулж буй Аи-92 автобензиний нэг төрөл болох Евро-5 бензиний хилийн үнэ тонн нь өмнө 872 ам.доллар байсан бол одоо 825 ам.доллар болж буурсныг мөн мэдээлэв. Түүнчлэн импортоор нийлүүлж буй Аи-95 автобензинийн тонн тутмын үнэ 880 ам.доллар байсан бол 827 ам.доллар болж буурчээ.