“Канвон-2024” залуучуудын өвлийн олимпод оролцох багийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ахална

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-05 08:50:00

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Солонгосын Канвон мужид 14 хоногийн дараа нээлтээ хийх залуучуудын IV өвлийн олимпын наадамд 79 орны шилдгийн шилдэг 1900 залуу тамирчин хуран чуулна. Тус наадамд оролцогсод өвлийн долоон спортын 15 төрөлд 81 багц медалийн төлөө хурд хүчээ сорин өрсөлдөх эрхээ хүртсэн юм.


Олон улсын олимпын хороо, Олон улсын спорт холбоодоос баталсан олимпын эрх олгох журмын дагуу Монгол Улсаас биатлоны төрөлд, гүйлтийн цанын төрөлд дөрөв, уулын цанын төрөлд анх удаа хоёр нийт 12 тамирчин эх орноо төлөөлнө.

Залуучуудын олимпын наадамд оролцох эрхээ хүртсэн уулын цанын тамирчин М.Манлайжав, биатлоны тамирчин Д.Нямсүрэн нар Монголын багийн тугчаар оролцох бол МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр багийн ахлагчаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг томилсон байна.


2012 онд Австри улсын Инсбрук хотноо, 2016 онд Норвеги улсын Лиллехаммер хотноо болсон Залуучуудын өвлийн олимпын наадамд гүйлтийн цана, тэшүүрийн төрөлд тус бүр хоёр тамирчин Монголоос оролцож байлаа. Харин Швейцарын Лозанн хотноо болсон олимпод гүйлтийн цана, биатлоны төрөлд нийт зургаан тамирчин өрсөлдсөн юм.


Тус олимпын наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилт, олимпын эрх авах цуврал тэмцээний зардалд Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс нийт 447 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. 



Холбоотой мэдээ