БАЯН-ӨЛГИЙ: Түрэгийн үеийн түүх, соёлын дурсгалуудаар үзэсгэлэн дэлгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-10-03 14:43:32

Өлгий, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хөшөө цайдам музейгээс "Билгэ хааны өв" үзэсгэлэнг энэ сарын 4-ний өдөр Өлгий хотод дэлгэнэ.  


Монгол Улсад орчин цагийн музей байгуулсны 100 жилийн ой, "Бүргэдийн баяр"-ыг тохиолдуулан уг ажлыг Баян-Өлгий аймгийн Музейтэй хамтран зохион байгуулж байна. 


Үзэсгэлэнд Түрэгийн хаант улсын түүх, соёлтой холбогдолтой хосгүй үнэт эд өлгийн зүйлс, Билгэ хааны алтан титэм, Күлтегин жанжны чулуун хөшөөний толгой болон бусад алт, мөнгөн олдворуудыг дэлгэж олон нийтэд танилцуулах ба үзэсгэлэнгийн үйл ажиллагаа энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ.


Ташрамд, 1997-2007 онд Монгол, Туркийн хамтарсан “Монгол дахь Түрэгийн үеийн зарим хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах, судлах сэргээн засварлах” төслийн хүрээнд явуулсан хайгуул, малтлагын явцад алт, мөнгөн эдлэл, эрдэнийн чулуу зэрэг 4000 гаруй зүйл бүртгэгджээ.


Засгийн газрын 2010 оны 32 дугаар тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршиж байсан Түрэгийн хаант улсын түүх, соёлтой холбогдолтой олдворуудыг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах зорилгоор Хөшөө цайдам музейг байгуулсан байна. 

Холбоотой мэдээ