Хөрөнгө оруулах боломж, томоохон төслүүдээ танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Австралийн Сиднэй
хотноо энэ сарын 29-31-нд болж буй “IMARC 2024” олон улсын эрдэс
баялгийн чуулга уулзалтад АҮЭБ-ийн сайд Ц.Туваан оролцож, Монголын хөрөнгө оруулалтын боломж, хууль
эрх зүйн орчин, төслүүдээ танилцуулж
байна.
11 дэх жилдээ зохион байгуулж буй олон улсын эрдэс баялаг, уул уурхайн чуулга уулзалтад дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгч 300 гаруй, түүний дотор уул уурхайн 90 гаруй компани, нийт 9000 гаруй төлөөлөгч оролцож, сүүлийн үеийн шинэчлэл, хөгжлийг сонирхуулан, салбарын хөгжлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжийг ярилцаж байна.
Чуулганы нээлтийн хэлэлцүүлгүүд нь "Чухал ашигт малтмалын нэмүү өртгийн сүлжээг байгуулах нь" сэдвээр өрнөжээ. Энэ сэдвээр ногоон технологи, эрчим хүчний шилжилтийг түргэсгэхэд нэн чухал эрдсүүдийн тогтвортой, найдвартай ханган нийлүүлэлтийн сүлжээ бий болгох шаардлагыг онцолсон байна. Манай улс "IMARC 2024"-д идэвхтэй оролцсоноороо олон улсын түншлэлээ хөгжүүлэх, дэлхийн уул уурхайн салбарт эзлэх байр сууриа бэхжүүлэх эрмэлзлээ илэрхийлж байгааг АҮЭБЯ мэдээллээ.