Ачаалж байна…
Ачаалж байна…
Лхагва Н.

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол орны баруун хязгаарын байгалийн үзэсгэлэнт нутгаар урсах Ховд гол нь Төв Азийн гадагш урсгалгүй ай савын томоохон, ус ихтэй голуудын нэг юм.
Монгол Алтайн нурууны Алтай Таван Богдын орчмын мөнх цас, мөсөн голоос эх авдаг Цагаан Ховд, Хар Ховд голууд нь Хотон, Хурган нуурын системээр дамжин Ховд голын эхийг бүрдүүлдэг. Улмаар Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар урсан Их нууруудын хотгорын Хар-Ус нуурт цутгадаг.
Ховд голын урт 500 гаруй км бөгөөд ус хураах сав газрын талбай нь ойролцоогоор 50 гаруй мянган хавтгай дөрвөлжин километр юм. Голын урсац нь мөнх цас, мөсөн гол, улирлын цасны хайлалт, нуурын илүүдэл ус болон газрын доорх усаар тэжээгддэг.
Ховд гол нь усны нөөцөөр төдийгүй биологийн олон янз байдлаараа онцлог. Монгол хадран зэрэг загасны төрөл зүйл амьдардаг бөгөөд голын сав газар нь усны болон эргийн өвөрмөц экосистемийг бүрдүүлдэг ажээ. Иймд Ховд голын эх, сав газрын байгалийн нөөцийг хамгаалах, мөсөн голын хайлалт, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх нөлөөллийг судлах нь усны нөөц, байгаль экологийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.
Шижигтийн хавцал: Усны нүргээнд шингэсэн түүх, домог
Ховд голын байгалийн үзэсгэлэнг илтгэх онцгой газруудын нэг бол Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт орших Шижигтийн хавцал юм. Өндөр хад асга, сүрлэг хясаа, нарийн хавцлын дундуур хүчтэй урсах голын нүргээн хосолсон энэ газар нь байгалийн өвөрмөц тогтоц төдийгүй нутгийн олон домог, хууч яриа бий.
Домогт өгүүлснээр Засагт ханы сайн эр Шижигт уг хавцалд орогнодог байснаас түүний нэрээр Шижигтийн хавцал хэмээн нэрлэх болсон гэдэг. Мөн эрт цагт монгол цэргүүд дайснаас хамгаалан байрлаж байсан тухай домог бий. Хавцлын усны хүчтэй нүргээн, хад асганд ойж цуурайтах нижигнэсэн чимээнээс сүрдсэн манжийн цэргүүд ойртож зүрхэлдэггүй байсан хэмээн нутгийнхан хуучилдаг.
Түүнчлэн харийн ноёны гэргий болохоос татгалзсан үзэсгэлэнт бүсгүй тус хавцалд амь хоргодож, эцэст нь усанд амиа өргөсөн гэх эмгэнэлт домог бий. Бүсгүйн нулимс ус болон урсаж, сэтгэлийн шаналал нь хавцлын усны нүргээн болон мөнхөрсөн хэмээн домогт өгүүлдэг.
Эдгээр домог, хууч яриа нь Шижигтийн хавцлыг зөвхөн байгалийн үзэсгэлэнт газар бус, нутгийн иргэдийн түүхэн дурсамж, аман уламжлал шингэсэн соёлын өв болохыг илтгэнэ.
Ховд голыг түшиглэсэн эрчим хүчний бүтээн байгуулалт өрнөж байна
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт 90 мВт усан цахилгаан станц барих төсөл 40 гаруй хувьтай хэрэгжиж байгаа юм. Бүтээн байгуулалт хийхдээ голын байгалийн урсац, усны нөөц, загасны амьдрах орчин, эрэг орчмын экосистемд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан тооцож, байгаль орчны хамгааллыг чухалчилж байгаа ажээ.
Ийнхүү Ховд гол нь Монгол Алтайн мөнх цас, мөсөн голоос эх авч, олон гол горхи, нуурыг холбон урсах баруун монголын усны гол судас төдийгүй байгаль, түүх, соёл, эдийн засгийн салшгүй нэгэн хэсэг юм.