АНУ руу шууд нислэг үйлдэх ажлын хүрээнд явуулах цогц үйл ажиллагааг ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-10-31 17:34:49

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа нар АНУ-ын зөвлөх үйлчилгээний “Викс групп консалтинг” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Уулзалт Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх ажлын хүрээнд болов. Тодруулбал, уулзалтаар “Викс групп консалтинг” компанийн хийж гүйцэтгэсэн АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA)-ны Олон улсын нисэхийн аюулгүй байдлын (IASA) шалгалтын хөтөлбөрт хамрагдах суурь үнэлгээний үр дүн, зөвлөмжийн тайланг хэлэлцлээ.


“Викс групп консалтинг” компанийн төлөөлөл ИНЕГ, “МИАТ” ТӨХК хамтран (IASA) шалгалтад амжилттай хамрагдах бэлтгэлийг хангахад цаашид хууль, дүрэм, хөрөнгө оруулалт, сургалтын талаар хийх ажлууд байгааг танилцуулж, энэ бүхэнд 18 сарын хугацаа шаардлагатайг мэдээлэв.



Мөн зөвлөх үйлчилгээний II шатны ажлыг АНУ-ын Худалдаа хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хийх тул энэ талаар шийдвэр гаргуулах асуудал дээр Монгол Улсын талаас дэмжлэг хүсэж, иргэний нисэхийн шалгалтын бэлтгэл ажлыг хугацааны алдагдалгүй, мэргэжлийн өндөр түвшинд хийхэд бодлогын түвшинд дэмжиж ажиллахыг хүсэв.


ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тайланд тусгасан шаардлагын дагуу хууль, дүрмийн зохицуулалт, хүний нөөц, хөрөнгө оруулалтыг бүрдүүлж ажиллахаа илэрхийлээд, цаашид шалгалтад хамрагдах хүртэлх хугацаанд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.


Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх ажлын хүрээнд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт шаардлага, зөвлөмжийн дагуу дүрэм, байцаагчийн заавруудыг нийцүүлэх, шаардлагын дагуу зарим гэрчилгээжилтийг шинээр бүрдүүлэх, хүний нөөцийг сургаж дадлагажуулах, нисэх буудлын техник, технологид хөрөнгө оруулах зэрэг цогц үйл ажиллагааг явуулах аж.

Холбоотой мэдээ