Нидерландад ирсэн Израилын хөгжөөн дэмжигчид рүү халджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-11-08 13:51:22

МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /РИА Новости/.  Амстердам хотод Израилын хөл бөмбөгийн “Маккаби” клубын хөгжөөн дэмжигчид рүү хэд хэдэн удаа халдсан тухай Ynet цахим хуудсанд мэдээлжээ.


“Маккаби” багийн хөлбөмбөгчид пүрэв гарагт Амстердамын “Аякс” багтай талбайд нь тоглож 5:0 харьцаагаар хожигдсон байна.


Нийгмийн сүлжээнүүдээр цацагдсан хэд хэдэн дүрс бичлэгт масктай хүмүүс израилчуудын буусан зочид буудал руу нэвтрэн орохоор оролдож буй нь харагдана.


“Энд жинхэнэ дайн болж байна. Тэд над руу халдаж, хутгаллаа. Би хөнгөн шархдаад байна. Цагдаа нар огт харагдахгүй байна, энд жинхэнэ эмх замбараагүй байдал дэгджээ” гэж Израилын нэгэн хөгжөөн дэмжигч сэтгүүлчдэд ярьсан байна. 


Израилын парламент болох Кнессетийн гишүүн Альмог Коэн нийгмийн Х сүлжээний хуудсандаа бичихдээ “би дөнгөж сая Нидерланд дахь Израилын элчин сайд Моди Эфраимтай ярилаа. Элчин сайд Амстердам хотын дарга руу ярьсан бөгөөд хэрэг гарсан газар руу цагдаагийн нэмэлт хүчийг илгээж байгаа юм байна” гэжээ.


Израилын Ерөнхий сайдын тамгын газрын мэдээллээс эш татан Times of Israel сонинд мэдээлснээр, Ерөнхий сайд Б.Нетаньяху Израилын хөгжөөн дэмжигчдийг авчрахын тулд Амстердам руу хоёр нисэх онгоц илгээх үүрэг өгсөн байна. Мөн тэрбээр “үймээн дэгдээгчдийн эсрэг хурдан шуурхай, шийдвэртэй арга хэмжээ авах”-ыг Нидерландын Ерөнхий сайд Дик Схофт хандан уриалжээ.


Түүнчлэн НҮБ-д суугаа Израилын төлөөлөгч Дэнни Данон нийгмийн Х сүлжээний хуудсандаа бичихдээ “Амстердамын гудамжинд Израилын хөгжөөн дэмжигчид рүү халдсан явдал нь хэт давруу терроризмын талынхны үнэн нүүр царайг илчиллээ” гэжээ. Үүнтэй холбогдуулан тэрбээр Барууны орнуудад хандан “ухааран сэхээрэх”- ийг уриалаад Нидерландын эрх баригчид терроризмын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авах ёстой” гэсэн байна. 

Холбоотой мэдээ