Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАнкара, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. БНТУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тус улсын ерөнхийлөгч Р.Т.Эрдоан ордон цогцолбортоо албан ёсоор угтан авлаа.
Угтах ёслолын үеэр хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, ёслолын буудлага үйлдсэний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүндэт харуулын захирагч айлтгал өргөв. Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол, Туркийн албан ёсны төлөөлөгчидтэй мэндчилсэн юм.
Ерөнхийлөгчийн ордон цогцолборт Засгийн газрын хуралдаан, Ерөнхийлөгчийн уулзалт, арга хэмжээ болдог бөгөөд гадаад улсын төрийн тэргүүн, дээд, өндөр түвшний төлөөлөгчдийг хүлээн авдаг ажээ. Айлчлалын хүрээнд хоёр улсын ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт хийж, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгсөн.
Энэ үеэр талууд Боловсрол, залуучууд, спорт, эрүүл мэнд болон анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр хийлээ. Мөн байгаль орчин, уул уурхай, зам, тээвэр, дэд бүтэц, ойн аж ахуй, хууль, эрх зүй зэрэг салбарт хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурав.
Хоёр улсын Ерөнхийлөгч 2024 онд Бүгд Найрамдах Казахстан улсын нийслэл Астана хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохдоо харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ онцгой ач холбогдолтой гэдэгт санал нэгдэн, харилцан ашигтай, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэх, Иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулах, дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх болон бусад асуудлаар ярилцаж байжээ.