“Монгол” нүүдэлчин өвлийн фестивал эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 16-22-ны өдөр хүртэл зохион байгуулна.
Энэхүү фестивалыг өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, соёлын өвөө хүүхэд залуустаа танин мэдүүлэх зорилгоор НЗДТГ, аймаг, Нийслэлийн соёл, урлагийн газар, Соёл, урлагийн газартай хамтран зохион байгуулж буй юм.
Фестивалын үеэр “Мазаалай” олон улсын цас мөсний уралдааны шилдэг 28 мөсөн сийлбэрийн үзэсгэлэн, “Шинэлэх ёс”, “Цагаан сар”, “Ёслол, хүндэтгэлийн зоог” өргөөнд зочлох, язгуур урлаг, хувцас хэрэглэл, нүүдэлчин ахуйтай танилцах, тэмээн жин, цаатны отог, монгол банхар, анч нохойн үзүүлбэрүүд, мөсөн сурын харваа, шагайн харваа, морин аялал, нохой чарга, Монголын уламжлалт идээ ундааны амталгаат худалдаа зэргийг үзэх боломжтой.
Монголын соёлын биет бус өвөөс өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилгоор өвлийн цас, мөсний баяртай хамтатган зохиож буйгаараа онцлогтой.
Мөн монголчуудын үндэсний сар шинийн баярын уламжлал, онцлог, идээ ундаа, хувцас хэрэглэл, нүүдлийн ахуйтай холбоотой өдөр тутмын амьдралын ёс заншил, зан үйл, хэв маягийг толилуулахаас гадна уламжлалт өвлийн спортын уралдаан, тэмцээн, үзүүлэх тоглолт зэрэг олон үйл ажиллагааг өртөөчилсан хэлбэрээр зохион байгуулж байгаа юм.